“Байгаль хамгаалал-Орон нутагт” сэдэвт намрын аян эхэлнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2015-09-23 14:46:29

Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг энэ сарын 28-наас 10 сарын 28-ныг хүртэл хугацаанд “Байгаль хамгаалал-Орон нутагт” сэдвийн дор зохион байгуулна.

Энэхүү аяныг тохиолдуулан БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ө.Сумъяабаатар, Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Д.Даваасамба нар хэвлэлийн бага хурал хийв.

Тус хурлаар Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг зохион байгуулах үйл ажиллагааг танилцуулсан юм. “Байгаль хамгаалах намрын аян”-г улсын хэмжээнд говь, төв, зүүн, баруун, хангайн 1, 2 гэсэн зургаан бүсэд хуваан зохион байгуулна. Аяны хүрээнд БОНХАЖЯ-наас орон нутагт баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт сурталчилан таниулах, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх юм. Мөн төв, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдааг хангах, орон нутагт байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ мэргэжлийн туслалцаа, зөвлөмжөөр хангах зорилго агуулжээ.

Уг аянд яамны харъяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аймаг, нийслэлийн БОАЖГ, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Тусгай хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Ойн анги,  төрийн болон ТББ, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хамрагдах юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд