Нийслэлийн Засаг дарга "Санитол" үйлдвэрлэх нөөцийг шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-22 18:05:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаатай холбогдуулан Хотын захирагч С.Амарсайхан Багануур дүүрэг дэх "Монхимо" ХХК-ний эмийн үйлдвэрт ажиллалаа.

Тус үйлдвэр гол бүтээгдэхүүн болох гар ариутган халдваргүйжүүлэгч гель "Санитол"-ийг 3 ээлжээр 24 цаг үйлдвэрлэж улсынхаа хэрэглээг бүрэн хангаж байна. Өдөрт 3-5 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ч уг бүтээгдэхүүний түүхий эд болох хүнсний зориулалттай спиртийн нөөц хомсдож байгааг үйлдвэрийн захирал М.Ариунаа хэллээ. Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын дарга М.Амарсайхан энэ талаар "АПУ" ХК-ийн удирдлагуудтай тэр даруй утсаар ярьснаар "АПУ" ХК 3 тонн хүнсний спиртийг "Монхимо" эмийн үйлдвэрт нийлүүлэхээр шийдэв.

"Монхимо" эмийн үйлдвэрийн захирал М.Ариунаа бүтээгдэхүүний нөөцийг шийдсэн Хотын даргад талархлаа илэрхийлж, үйлдвэрийнхээ лабораторид туршиж буй шинэ бүтээгдэхүүнийг танилцуулав. Тус үйлдвэр "Эрдэнэт" үйлдвэрээс гардаг цагаан шороо болон шахмал түлшний үнсийг ашиглан блок, хавтан, барилгын материал, авто замын хатуу хучилтын бетон хийх талаар судалж байна. Мөн шахмал түлшийг мод ашиглахгүйгээр хурдан асаах шахмал бэлдэц, шахмал түлшийг норох, ус чийгнээс хамгаалах шингэн түрхлэг зэрэг бүтээгдэхүүнийг туршиж буйг танилцууллаа.

Дээрх бүтээгдэхүүн бүгд БНСУ-ын техник технологиор туршигдан үйлдвэрлэхэд бэлэн болоод байгаа аж. Хотын захирагч С.Амарсайхан "Гамшгийн эрсдэлтэй байгаа өнөө цагт нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүн ардынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа танай хамт олонд талархаж байна. Агаарын бохирдол, түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотойгоор танай лабораторид туршилт, судалгаа хийн үйлдвэрлэхэд бэлэн болсон бүтээгдэхүүнийг нийслэлээс дэмжиж ажиллана" гэлээ. 


Холбоотой мэдээ