БНСУ-аас ирсэн иргэдийг тусгаарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын мэдээгээр, шинэ коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 79 140, халдварын улмаас амиа алдагсад 2468, эдгэрсэн хүний тоо 23 094 болсон тухай Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
БНСУ-д дэгдээд буй халдварын тохиолдол гурав хоногийн дотор 446-аар нэмэгджээ. Коронавирус 50 хоногийн дотор дэлхийн 28 улсад тархсан бөгөөд дэгдэлтийг хязгаарлах боломж хумигдсаар байгааг ДЭМБ-аас анхааруулсныг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа тэмдэглэлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, "БНСУ-ын халдварын тохиолдол 700 давсан. Тиймээс тус улсад хөл хорио тогтоосон байна. Манай улсад БНСУ-аас өдөрт 600-1000 хүн ирж байгаа, эрсдэл ихтэй. Нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-аас ирэх нислэгийг цуцлах эсэх талаар Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болно" гэв.
БНСУ-аас өчигдөр ирсэн 17 иргэнийг Жаргалантын аманд байрлах ОБЕГ-ын харьяа "Жаргалант сувилал" амралтын газар тусгаарлаад байгаа аж. Тэдгээр иргэдийн дөрөв нь эрэгтэй, 11 эмэгтэй, хоёр хүүхэд, нэг жирэмсэн эх байгаа юм байна. Одоогоор тэднээс шинэ коронавируст халдварын шинж тэмдэг илрээгүй гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.
Харин ХӨСҮТ-т тусгаарласан зургаан иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавируст халдваргүй гэж гарчээ. БНСУ-аас өчигдөр нислэгээр ирсэн зургаан солонгос, нэг монгол иргэн, өмнө нь ирээд байсан нэг иргэн зэрэг найман хүн тусгаарлагдажээ.