Монгол Улс коронавирустэй тэмцэх чиглэлд БНХАУ-тай эв санаагаар нэгдмэл гэдгээ харууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-02-27 22:37:38

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д “COVID-19” коронавирусний халдвар дэгдсэнээс хойш Монгол Улсын эрх баригчид, салбар салбарын төлөөлөгчид, оюутнууд, мөн хүүхдүүд хүртэл коронавирусний тархалттай тэмцэх чиглэлд БНХАУ-тай эв санааны хувьд нэгдмэл болохоо харуулсаар байна.


“БНХАУ Засгийн газрынхаа нягт удирдлага дор халдварын тархалтыг ойрын хугацаанд даван туулна гэдэгт бид итгэлтэй байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай уулзах үеэрээ мэдэгджээ.


“Монгол Улс Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Хятад улстай найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилтод багтдаг. Манай хоёр улсын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ ирээд байна” гэж тэрбээр хэлсэн байна.


Монгол Улсын Засгийн газар халдварын тархалтыг хянах үйлсэд зориулан Хятад улсад 200 мянган ам.доллар хандивласан юм. “Монгол Улс цаашид шаардлагатай тусламжийг Хятадад үзүүлэх хүсэлтэй байна” гэж Ерөнхий сайд хэлжээ. 


Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар саяхан “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, БНХАУ “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд “өндөр зохион байгуулалттай арга хэмжээнүүд”-ийг авч хэрэгжүүлж байна гэжээ. Мөн тэрбээр коронавирусний эсрэг авч буй Хятадын арга хэмжээг илүү үр дүнд хүргэхэд туслахын тулд бусад орон ижил хариуцлага хүлээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай хэмээгээд, Монгол улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг мөрдөж байгаа гэж хэлжээ.


Мөн Монгол Улсын Гэмтэл согог судлалын үндэсний төв, Биеийн тамир, спортын газар гэх мэт олон байгууллагын ажилтнууд нэг өдрийн цалингаа халдварын тархалтыг хянах үйлсэд зориулан хандивлажээ. Үүний зэрэгцээ Монголын хүүхдүүд Хятадын ард түмэнд зориулан урам зориг өгөх захидлуудыг бичин илгээж, хадгалсан мөнгөө хандивлажээ.


Хятадад амьдардаг Монголын 10 настай охин саяхан Хятадын эмч нарт буюу “цагаан нөмрөгт сахиусан тэнгэрүүдэд” зориулан захидал бичиж, Бээжин, Тяньжин хот, Хэнань мужид тус тус 333 юань хандивласан байна. Тэрбээр яагаад 333 юань хандивлах болсон талаараа хэлэхдээ, энэхүү тоо нь “сарнин алга болох” гэсэн үгийн дуудлагатай ижил сонсогддог тул вирусийг хурдан сарниж алга болоосой хэмээн бэлгэдэж уг тоог сонгосон гэжээ.


Мөн Монголын олон иргэн мөнгөн тусламж болон урьдчилан сэргийлэх хэрэгслүүдийг Хятадад хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнтэй холбогдуулан Монголын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хандивын аяныг орон даяар явуулж эхэлсэн байна.


Уг хандивын аяныг эхлүүлэх ёслолын үеэр Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд Хятад улс ихээхэн хувь нэмэр оруулж буйг онцлоод, “COVID-19” халдвартай тэмцэхэд Хятад улсад тусламж шаардлагатай байгааг тэмдэглэжээ.


Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын хамтын хүчин чармайлтын үр дүнд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд ихээхэн ололт амжилт гарсан юм.


Хятад улс олон жилийн турш Монгол Улсын худалдааны хамгийн том түнш байсаар ирсэн. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосон бөгөөд энэхүү үйл явдлыг хоёр хөрш өргөнөөр тэмдэглэсэн билээ. 

Холбоотой мэдээ