55 хүн ажиглалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-29 18:58:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 02 дугаар сарын 29-ний өдрийн 17.00 цагийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Өнөөдрийн 17.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 55 хүн ажиглалтад байгаагаас 11 нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт, 40 нь Алтанбулаг суманд, дөрөв нь Сүхбаатар суманд байрлах ажиглалтын байранд эмчийн хяналт дор байгаа аж.

Одоогоор дээрх иргэдэд ямар нэгэн зовуурь илрээгүй хэвийн байгаа юм байна. БНСУ-аас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор Монгол Улсын 39 иргэн орж ирсний долоо нь БНСУ-ын сэжигтэй бүс нутгаас ирсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгаарлах байранд, үлдсэн 32 иргэнийг Алтанбулаг сумын тусгаарлах байранд ажиглалтад байлгахаар шилжүүлжээ. Эдгээр тусгаарлагдсан иргэдийг харгалзах зорилгоор аймгийн Цагдаагийн байгууллагаас гурван цэгт, зургаан албан хаагч, гурван тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17 суманд байнгын хяналтын 35 цэгт Онцгой байдлын газраас 14, Цагдаагийн газраас 41, Эрүүл мэндийн байгууллагаас 11, төрийн 62 нийт 128 албан хаагч, 33 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.

Хяналтын цэгүүдээр нийт 44 хүн өвчний учир нэвтэрсэн бөгөөд эдгээрээс жирэмсэн тав, өвчтөн асрах нэг, хүн авч ирэх нэг, өвчний бусад шалтгаантай 37 иргэн байгаа гэнэ. Олон улсын авто замын Алтанбулаг боомт дээр аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төвийн тандалтын баг бүрэлдэхүүн 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Цахим орчинд короновирусний халдвартай хүн байгаа талаар худал мэдээлэл гурав бүртгэгдсэнийг илрүүлэн, холбогдох байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлээд байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Холбоотой мэдээ