Монгол Улсын илтгэл хамгийн их анхаарал татав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-23 15:23:13

Сонгуульд автоматжуулсан систем хэрэглэж буй манай туршлага  сонгуулийн асуудлаарх олон улсын семинарт оролцогсдын анхаарлыг  ихэд татав.

Энэтхэг Улсын шинэ Дели хотноо энэ сард болсон Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн хурлын хүрээнд ийнхүү семинар болсон бөгөөд “Сонгуулийн технологи ба түүний хэрэглээ” сэдэвт манай улсын илтгэлээс гадна “Сонгогчийн боловсрол ба сонгуульд дахь оролцоо”, “Бүх нийтийг сонгуульд хамруулах асуудлаар хэрэгжүүлсэн хөтөлбөр”-ийн үр дүнгийн талаарх бусад орны илтгэлийг тус тус сонссон байна.

Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн энэ удаагийн хурлаар тус зөвлөлд шинээр гишүүн элсүүлэх, Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг сонгох, дүрэмд өөрчлөлт оруулах, 2015-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах,  зөвлөлийн дараагийн хурлыг хийх улс, тов болон хэлэлцэх асуудлын талаар тохиролцох зэрэг асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргасан байна.

Хурлын үеэр Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны дарга бөгөөд Энэтхэг Улсын Сонгуулийн хорооны дарга Насим Заиди Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хоёр орны сонгуулийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Тэрээр, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороотой хамтран ажиллах гэрээ байгуулах, энэ хүрээнд тухайлбал, сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах талаар явуулсан үйл ажиллагаа, хөтөлбөрийн хэрэгжилт түүний үр дүн зэрэг асуудлаарх туршлагаас хуваалцах боломжтой байгаагаа илэрхийлжээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

                                               

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд