Ц.Цэндсүрэн: Зарим жил гуравхан эх төрөх тохиолдол ч гардаг

Монголын мэдээ | Ярилцлага
ulzii@montsame.mn
2020-03-03 13:49:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 35 жил эх баригч бага эмчээр ажилласан Цэдэнгийн Цэндсүрэнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.


Ц.Цэндсүрэн 1965 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн бөгөөд 1981 онд сумандаа 8 дугаар ангиа төгсөөд Говь-Алтай аймгийн АУДуС-д суралцсан. 1985 онд эх баригч бага эмч мэргэжил эзэмшиж аймгийнхаа Эрдэнэцогт суманд томилогдсоноос хойш зөвхөн тус сумын эмнэлэгтээ 35 жил мэргэжлээрээ ажиллажээ. Түүний 3 хүү их, дээд сургууль төгсөөд бүгд Улаанбаатар хотод гэр бүлтэй, ажилтай болж суурьшсан байна. Цэндсүрэн эмчийг нөхрийнхөө хамт Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирээд байхад нь нутаг орны нь амьдрал, аж байдлын талаар хөөрөлдсөн юм.


-Танай сумын эмнэлэг хэзээ байгуулагдав, одоо ямар хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байна вэ?


-Манай суманд анх 1971 онд Бага эмчийн салбар байгуулагдсан бөгөөд 1981 онд сумын эмнэлэг шинээр баригдаж Их эмчийн салбартай болж өргөжсөн. Өнөөдөр манай сум аймагтаа хамгийн олон буюу 4 мянга хол давсан хүн ам оршин суудаг. Сумын эмнэлэг 2000 оноос Эрүүл мэндийн төв /ЭМТ/ болж өргөжин ажиллаж байна. Одоо тус ЭМТ нь 25 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Манай төвд хүүхдийн эмч, эрхлэгч эмч, эмчлэгч эмч гэсэн 3 их эмчтэй, эх баригч эмч болон статистикч эмч тус бүр нэг, бага эмч 5, ээлжийн сувилагч 4, мөн лаборант, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, вакцинатор, ариутгагч, архив бичиг хэрэгч, тогооч, жолооч тус бүр нэг, мөн үйлчлэгчээр 2 хүн ажилладаг.


-Орон нутгийн эмнэлгийн байгууллагын онцлогийн талаар та юу хэлэх бол?


-Манай сум, орон нутгийн онцлог гэвэл байгаль орчны хувьд эрс тэс уур амьсгалтай, уул даваа, ой мод, гол ус олонтой, гүвээ даваа бүхий бартаатай замтай болохоор өвлийн улиралд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд нэлээд хүндрэл бэрхшээлтэй байдаг. Эмнэлэг маань нэг фургон /ОХУ/ машинтай. Сүүлийн жилүүдэд энэ машинаа 4 жилдээ нэг шинэчлээд байгаа болохоор 2012 оноос машин техникийн саатал гайгүй байгаа. Харин сүүлийн үеийн машин их хэврэг болсон учраас их эвдэрдэг. Бид жилдээ 400 гаруй алсын дуудлага хүлээн авдаг, сумын эмнэлэг жилд 400 гаруй хэвтэн эмчлүүлэгчтэй байдаг.


-Сумын хэмжээнд төрөх эхчүүдээ хэрхэн хяналтад авч, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна вэ?


-Манай сумын хувьд жилд төрөх насны 100 гаруй эх хяналтад байж эмчлүүлдэг. Харин 0-5 насны хүүхэд 250 гаруй байдгаас багийн эмч нарын байнгын хяналт дор тухайн цэгт нь анхан шатны эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг. Хэрвээ шаардлагатай бол сумын ЭМТ-дөө очиж эмчилгээ, үйлчилгээ авч эмчлүүлдэг.


-Сумын хүн амын болон төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хяналт, үзлэг шинжилгээг хэрхэн хийж байгаа вэ?


-Сумын хүн амын насыг авч үзвэл дийлэнх нь идэр насныхан байгаа. Харин 50-иас дээш насныхан ерөнхийдөө цөөн. 70-аас дээш насныхан бүр цөөрч байна даа. Төрөх насны эмэгтэйчүүдийн хувьд сард нэг л эх төрж байгаа. Тэд бидний байнгын хяналтад байдаг. Эрүүл мэндийн сайдын 338 дугаар тушаалын дагуу дагаж мөрддөг заалт журам бий. Эмчийн хяналт үзлэг, шинжилгээгээр цоо эрүүл, жирэмсний явцад эмгэг, эрхтэн тогтолцооны өөрчлөлт илрээгүй эхийг төрүүлэх үндсэн заалт байдаг. Харин бусад тохиолдолд II шатлалд нарийн мэргэжлийн эмчийн хяналт дор төрүүлэх заалтыг баримталдаг. Нийгмийн эмзэг бүлгийн өрхийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс зарим жилдээ 3-хан төрөлт байх тохиолдол ч гардаг. Бас зарим жилд бүр 12 эх төрөх тохиолдол ч бий.


-Сумын нөхөн үржихүйн болон төрөх насны эмэгтэйчүүдийн талаар тоо баримт, судалгаа байдаг уу?


-Төрөх насны эмэгтэйчүүд 2019 онд 130 байсан, 2020 оны эхэнд шилжилт хөдөлгөөн хийгдээд 124 болж бүртгэгдсэн. Ер нь 15-49 насны эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн насныхан гэж тусад нь хянаж байдаг. Харин 20 хүртэлх насны эмэгтэйчүүдэд төрөхийн хүндрэл гардаг учир эрсдэлээс урьдчилан сэргийлж, насанд хүрч байж төрөх хэрэгтэйг таниулах бодлого барьж ажилладаг. Харин төрөх насны 20-35 настай 834 эмэгтэй байдаг, нөхөн үржихүйн насны нийт 1124 эмэгтэй хүн бий. Тэднийг эрсдэлээс хамгаалах талаар болон бусад мэдээллээр хангах, хяналт тавих ажлыг бид тогтмол хийдэг. Сумын хэмжээнд 0-5 насны 253 хүүхэд байгаа. Бид тэднийг эмнэлгийн байнгын хяналтдаа авч, сар бүр багийн эмч нар хөдөө, орон нутагт гэрт нь очиж эргэж тойрч, хэрэгцээт амин дэмээр тогтмол хангадаг. Энэ багачуудын хувьд бүгд л эцэг эхийн асрамжид байдаг. Харин суурь өвчтэй хүүхдүүдэд зориулж зуны цагт сувилал эмчилгээг ЭМТ-өөс зохион байгуулдаг.


-Сум, орон нутагт эмзэг бүлгийн болон амьжиргааны түвшин доогуур өрх айл хэдэн хувьтай байгаа бол?


Орон нутагт малгүй, сумын төвдөө суурьшдаг, зөвхөн 20 мянган төгрөгөөрөө амь зуудаг эмзэг бүлгийнхэн 10 орчим хувьтай, амьжиргааны түвшин доогуурт орох өрх айл  20 гаруй хувьтай гэсэн судалгаа байдаг. Хөдөө орон нутгийнхны хувьд дийлэнх нь амьдралын боломж сайн, хувийн автомашин, холбоо харилцаа, интернэттэй гээд бүх зүйлээр хангагдсан байдаг. Харин иргэд, ялангуяа залуу үеийнхэн өөрт хэрэгтэй эрүүл мэндийн болон ахуй амьдралдаа хэрэгтэй мэдээллээ олж авах талаар хангалтгүй байх тал ажиглагддаг.


-Сумын эмнэлэг багаж төхөөрөмжийн хувьд хэр хангагдсан байдаг вэ?


-Эмнэлгийн шинэ багаж төхөөрөмжийн хувьд бид төсөвтөө тусгаад захиалаад л авчихдаг. Манай эмч мэргэжилтнүүд их залуужсан учраас сүүлийн үед ямар шинэ тоног төхөөрөмж гарч ирээд байгаа талаар мэдээлэл сайтай байдаг. Энэ онд 2 давхар шинэ эмнэлгийн барилга барихаар төсөв нь батлагдсан. Шинэ эмнэлэг маань эмчийн 2 байртай, бас дулаан гарааштай болох юм. Өнгөрсөн жил манай суманд шинээр Нутгийн захиргаа, Тамгын газрын барилгыг барьсан, одоо мөн шинэ Соёлын төвтэй болж байгаа.


-Эрдэнэцогт сум, аймгийн төвөөс 28-хан км зайтай болохоор төрөх эхчүүд төвөө бараадана биз?


-Тийм шүү. Аймгийн төвд ойрхон. Тэгээд ч малчдын амьдралын хэв маяг, боломж нөхцөл нь ч сайн. Тэгэхээр сумын иргэдийн хувьд аймгийн төвдөө төрөх боломж нь нээлттэй гэж болно.


-Ер нь сумын иргэдийн аж амьдралыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүд хэр хэрэгждэг вэ?


-Суманд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр одоогоор байхгүй. “Дэлхийн зөн” гэж олон улсын байгууллага байхад нутгийн иргэдийн оролцоо идэвх их сайн байсан. Харин өнөөдөр ийм дэмжлэг нь байхгүй болохоор иргэд өөрсдөө санаачилга гаргаад ахуй, амьжиргаагаа дээшлүүлэх боломжоо ашиглаж чадахгүй байна. Залуучуудын холбоо л тогтмол бус боловч үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн гол нь иргэн бүр өөрсдөө санаачлаад хийвэл манай суманд хамтраад хэрэгжүүлж, аж амьдралаа дээшлүүлэх боломж байгаа гэж боддог.


-Та энэ хугацаанд хэчнээн хүүхэд эх барьсан, анхны нь эх барьсан хүүхэд одоо хэдэн настай байгаа бол?


-Эх баригч эмчээр ажилласан өнгөрсөн 35 жилд 1300 гаруй хүүхдийг эх барьж авсан байдаг. Хамгийн анх 1985 оны 9 дүгээр сард эх барьсан хүүхэд маань одоо Улаанбаатарт аж төрж байгаа. Тэгэхээр хамгийн ахмад нь 35 нас хүрсэн юм байна. Эх баригч эмч болсон анхны жилүүдэд үнэхээр их ачаалалтай байж дээ. Нас залуу байсан болохоор огт ядрахгүй, бас л эрэмгий байсан гэх юм уу даа. Тухайлбал, 1985-1990-ээд онд сардаа бүр 25 хоногт нь нойргүй л ажлаа хийгээд явдаг байв. Тухайн үед хүндрэлтэй, хүндрэлгүй гэж ялгахгүй жирэмсэн эх бүрийг л төрүүлнэ шүү дээ. Харин тэр үеийн хүмүүсийн бие чийрэг, байгаль орчин цэвэр, идэж ууж байгаа зүйл нь экологийн цэвэр бүтээгдэхүүн байсан хэрэг. Энэ нь эрүүл саруул, осол эндэгдэл багатай төрөхөд их нөлөөлж байсан юм болов уу гэж боддог.


-Өнгөрсөн 35 жилд 1300 гаруй эх барьж авахад санаанд тод үлдсэн хүнд хэцүү, содон, мартагдахааргүй тохиолдол цөөнгүй байсан байх даа?


-Миний санаанд тод үлдсэн төрөлт гэвэл 1986 онд төрөлхийн зүрхний гажигтай анх удаагаа төрөх гэж буй эмэгтэйг эх барьсан юм. Тэр охин эмнэлэгт байнга үзүүлж, үргэлж хяналтад байдаг байлаа. Түүнийг хот руу явж төр гэж зөвлөдөг ч аав нь их зөрүүд хүн байсан. Тэгж байсаар төрөх дөхсөн. Аав нь аймагт эмнэлэгт хэвтүүлэхээр та нарт хамаагүй гээд гэр рүүгээ аваад явчихдаг. Хамгийн сүүлд төрөх боллоо гээд эмнэлэгт аваачаад өгсөн чинь аав нь хэзээний гаргаж аваад явчихсан. Тэгээд удалгүй төрөх гээд өвдөөд байна гээд дуудлага ирлээ. Тэр үед нэгдлийн тэрэг /автомашин/ л байв. Эмнэлгийн тэрэг эвдэрчихсэн. Малын эмчийнхээ 69 машиныг гуйгаад очсон чинь бараг төрж байна. Хүүхдийнх нь толгой цухуйчихсан. Өвдөөд дөрвөн хөллөчихсөн байж байв. Гэрт нь төрүүлэхээр дараа нь оёх зэрэгт бага зэрэг хүндрэлтэй л дээ. Анхны төрөлт гэхээр тодорхой хугацаатай гэж бодоод машинд суулгаад, хурдан яваарай гээд жолоочоо шавдуулсаар арай гэж эмнэлэгт очсон. Сандарсан хүн чинь бяр орчихдог юм билээ. Нөгөө төрөх гэж байгаа хүнээ өөрөө тэвэрч аваад төрөх орон дээр хэвтүүлчихсэн. Их эмч хажууд байхгүй. Одоо эргээд бодоход зүрхний эмгэг гажигтай хүн гэнэт зүрх нь зогсчихвол яана. Үнэхээр аюултай мөч шүү. Дээрээс нь умай хүзүү нь урагдчихсан. Түүнийг нь бас оёж байгаа юм. Энэ үнэхээр эрсдэлтэй байсан. Тэгээд 2,8 кг жинтэй охин эсэн мэнд төрсөн дөө. Эх барьж авсан эмэгтэйг маань Цогтбаатарын Уламбаяр гэдэг. Тэгэхэд төрсөн охин маань одоо өөрөө ээж болсон, 3 дахь хүүхдээ төрүүлэх гэх гээд одоо миний хяналтад байгаа.


-Ер нь сумын эмч нарт хөдөөгийн хүн амд хүрч үйлчлэхэд хүн хүчний болоод унаа тэрэгний асуудал их байсан болов уу?


-Сумын төрөхийн эмч нарт эрсдэл цөөнгүй тохиолдоно шүү дээ. Бас нэг тохиолдол санаанаас гардаггүй юм. Одоогоос 27 жилийн өмнө буюу 1993 онд төрөх дөхсөн эхчүүдээ орон нутгаас сумын төвийн амрах байранд авч ирэх гээд явсан юм. Эмнэлгээс гарч байхад л бороо бага зэрэг орж байсан юм. Яг тэр өдөр бидний очсон газар овооны баяр болж байв. Тэнд жаахан саатаад эргээд явсан чинь гол үерлээд бүр улаанаараа эргэчихсэн байв. Гол гарах аргагүй. Эмнэлгийн 69 машинд 2 жирэмсэн эх, 2 нялх хүүхэдтэй эх, 1 эмгэн явж байсан юм. Ямар хээр хонолтой биш, нэг эх бүр төрөх болчихсон байдаг. Тэгээд яахав дээ машинтайгаа гол руу цүл гээд л орсон чинь мотор руу нь ус цохиод машин унтарч орхив оо. Машин ч энэ мөчид унах гээд байгаа мэт урсгал дагуу хазайгаад л нөгөөдүүл маань авраарай гэж орилоод л сүйд болов оо. Жолоочоос гадна нэг эрэгтэй хүн явсан нь манай нөхөр. Тэгээд бид машинаас буугаад эмэгтэйчүүдээ голдоо оруулж хөтлөөд арай гэж л гол гарч билээ. Дараа нь машин дуудаж унаж явсан унаагаа чирж гаргахад машины банкаар дүүрэн ус ороод бензингүй болсон байж билээ. Бидэнд иймэрхүү эрсдэлтэй, хэцүү зүйл дээхэн үед  их л тохиолддог байлаа. Одоо ч тэр үеийг бодвол хөгжлөө дагаад бүх зүйл сайхан болсон байна даа. 

Холбоотой мэдээ