Орон байрны бүлэг хулгайчдыг илрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-04 20:40:13

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагдаагийн газраас 12 удаагийн үйлдэлтэй орон байрны бүлэг хулгайчдыг илрүүлэн шалгаж байна.

Зангиат, Ялалт, Тээвэрчид зэрэг гэр хорооллоор шөнийн цагт явж, эзэнгүй айл өрхүүдийг судлахаас гадна өглөө эрт ажилдаа яваад оройтож ирдэг айлуудаас хулгай хийсэн гэдгээ мөрдөн байцаалтын үеэр мэдүүлжээ. Зурагт, үнэт эдлэл, хивс зэргийг голдуу хулгайлж, хямд үнээр борлуулдаг аж. Цагдаа нарт баригдах үедээ “Шүр” зах дээр хулгайн хуучин хувцас хунар зарж байжээ.

Он гарсаар аймгийн Цагдаагийн газарт эзэн холбогдогч нь тогтоогдоогүй орон байрны хулгайн 16 хэрэг бүртгэгдээд байна. Дийлэнх нь сар шинийн өдрүүдэд гарчээ. Тиймээс аймгийн Цагдаагийн газар илрүүлэх ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг идэвхжүүлснээр дээрх бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчлаад байгаа юм.  

Хөршийн холбоог сайжруулж, гэр орноо эзэнгүй удаан хугацаагаар орхих, хөдөө гадаа явах үедээ айл саахалтдаа хэлж захиж байхыг Цагдаагийн газраас зөвлөж байна.

Холбоотой мэдээ