Замын-Үүд дэх авто вокзалын барилгыг энэ онд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-03-05 12:40:46

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 03-наас 04-нд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд ажиллаж тээвэр авто зам, логистик төвийн үйл ажиллагаа, боомтоор хийгдэж байгаа тээвэрлэлтийн бэлтгэл ажилтай танилцаж зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.

Барилгын ажил нь 2016 онд эхэлсэн ч царцаагдсан Замын-Үүд дэх авто вокзалын барилгын ажлыг энэ онд эхэлж ашиглалтад оруулах, хүнд даацын авто машин зорчих зам дагуу зургаан км туузан хаалтыг хийх, боомтоор нүүрс болон төмрийн хүдрийн тээвэрлэлтийг шууд эхлэх, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замын эвдрэлийг засах зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.

Монгол орны хамгийн том боомт болох Замын-Үүдэд өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын логистикийн төв ашиглалтад орсон бол Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажил ид өрнөж байна. 2013 онд ашиглалтад оруулж байсан Сайншанд-Хамарын хийдийн хатуу хучилттай авто замын зарим хэсэгт эвдрэл гарч зорчиход хүндрэл үүсээд байгааг ийн засварлахаар болсон байна.

Мөн салбарын сайд Зүүн баян-Таван толгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм.

Холбоотой мэдээ