Цэвэрлэх байгууламжийн барилгын ажил зогсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 15:03:22

Ховд аймгийн “Шим Ус” ОНӨААТҮГ-ын дарга Д.Нямлхагваас тус аймагт тулгамдсан асуудлын нэг болоод байгаа Цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ямар шалтгаанаар хойшлогдоод байгааг тодрууллаа.

-Ховд хотын Цэвэрлэх байгууламж ашиглалтанд орохгүй удаад байгаагийн шалтгаан юу вэ?

-Цэвэрлэх байгууламжийн хувьд 2012 оноос хойш ажил нь эхлээд одоо болтол дуусаагүй байна. Гүйцэтгэгч нь “Ховдын тулга” гээд компани бий. Цэвэрлэх байгууламж гэдэг маш том бүтээн байгуулалт. Үүнийг манай нутгийн залуучууд хийж, өөрсдөө томоохон хэмжээний ажил хийх туршлага сууж байгаа нь сайн тал. Гэхдээ хугацаандаа ашиглалтад оруулахгүй удаад байгаа нь муу тал. Гэхдээ энэ нь хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал юм. Учир нь манайх шиг хэмжээний цэвэрлэх байгууламж 3 орчим тэрбум төгрөгний өртөгтэй байгуулагдаж байхад манайхад тэрбум гаруй төгрөгийг л төсөвлөсөн байгаа.

-Эхнээсээ өртөг зардал, эрсдлээ тооцоогүй байж тус байгууламжийн барилгыг эхэлсэн нь ямар учиртай юм бэ?

-Анх зардлаа гаргахдаа л эрсдлээ тооцолгүй төсөвлөчихсөн байдаг. Гэтэл тухайн үед мянга гаруйхан байсан ам.долларын ханш одоо 2000-д хүрчихлээ. Гадаад валютын үнэ өсч байгаа болохоор гадаадаас нийлүүлдэг тоног төхөөрөмжийнх нь үнэ 2 дахин өсчихлөө гэсэн үг. Тэгээд л энэ залуучууд маань хийж чадахгүйдээ биш хөрөнгө мөнгөний асуудал дээр гацчихаад байна л даа. Хөрөнгө шийдэгдчихвэл энэ 6-р сард заавал ашиглалтад оруулна гэж "Ховдын тулга" компанийн залуучууд амлаж байгаа.

Давуу талын хувьд байгаль орчинд ээлтэй. Одоо бид яаж байна гэхээр бохир усаа нуур үүсгэж тунадасжуулаад, тунадас нь хөрсөндөө шингээд, өнгөн хэсгийн усыг нь аваад ямар ч цэвэрлэх зүйлгүйгээр байгаль руу нийлүүлж байгаа. Хэрвээ энэ усыг цэвэрлэх юм бол 98 хувь  хүртэл цэвэршүүлээд буцаагаад байгаль руу нийлүүлэх боломжтой. Мэдээж бохир ус, цэвэр ус хоёрын аль нь байгальд ээлтэй байх нь ойлгомжтой шүү дээ.

-Цэвэрлэсэн усыг дахин ашиглах боломжтой юу?

-Боломжтой. Цэвэрлэсэн усыг барилгын ажилд цемент, бетон зуурах гэх мэтээр ашиглаж болно.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ