ХӨСҮТ: Халдвар авсан гурван иргэнтэй ойр байсан 61 хүнээс “COVID-19” илрээгүй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-03-17 12:05:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирсэн хоёр, Франц улсаас дамжин ирсэн нэг, нийт гурван тохиолдол коронавирусээр халдварласан нь тогтоогдоод буй. Тэдний ойрын хавьтал 111 хүнийг тусгаарласнаас 61 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Үлдсэн хавьтлуудад шинжилгээ хийж байна хэмээн ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр танилцууллаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Энэ сарын 11-ний өдөр “COVID-19”-ээр халдварласан нь батлагдсан франц иргэний ойрын хавьтал 88 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй. Франц иргэнтэй шууд болон дам харьцсан хүмүүсийн шинжилгээний хариу үүгээр дуусаж байна. Гэхдээ хавьтлуудыг тусгаарлах хоног дуусаагүй.

ХӨСҮТ-д энэ сарын 15-нд тусгаарлагдсан нэг, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг, нийт хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж тандалт судалгаа хийж байна. Мөн тусгай үүргийн онгоцоор авчирсан, “Covid-19” халдвар илрээд буй гурван монгол хүний ойрын хавьтал 111 хүнийг тусгаарласнаас 61 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьтлуудад шинжилгээ хийж байна. Батлагдсан гурван тохиолдолтой холбоотойгоор онгоцонд хамт ирсэн хүмүүсийг тусгаарлаж, ажиглаж байна" гэж мэдээллээ.

Мөн тэрбээр, "Биднийг завгүй ажиллаж байхад байнга утас руу залгаад байх нь үнэхээр төвөгтэй байна. Мэдээллийг нэг урсгалаар өгч байгаа шүү дээ. Нэг цагийн өмнө хариуг мэдэж мэдээ дамжуулах нь чухал биш юм. Хариуг түрүүлж мэдээлж  байгаа нь ажилд садаа болж байна. Тэр бүхэн маш их ачаалал үүсгэж байна. Бид тогтсон цагтаа бүх мэдээллээ цэгцлээд, нэгтгээд, дүгнээд нарийн шүүхийн төлөө ажиллаж байна. Лаборатори, тандалт, клиник гээд бүгд нэг хүн шиг ажиллаж байна. Тиймээс түүнийг бодолцон нэг шугамаар нэг мэдээ сонсохыг хүлээх нь хамтарсан ажил юм” гэдгийг санууллаа.

 

Холбоотой мэдээ