Роналду Аваргуудын лигийн хагас шигшээгийн тоглолтод оролцож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-04-28 15:48:13

МАДРИД. /TASS/. Гэмтэл авсны улмаас хоёр тоглолт өнжөөд буй Испанийн “Реал” клубын тоглогч Криштиану Роналду Аваргуудын лигийн хагас шигшээд Английн "Манчестер Сити" клубтэй хийх хариу тоглолтод оролцож магадгүй гэж Испанийн “Marca” сонинд мэдээлжээ.

Португалын хөлбөмбөгчний гуяны булчин нь тасрах шахсан нь эмнэлгийн үзлэгээр тогтоогдсон байна. Роналду гэмтлээ хүндрүүлэхгүйн тулд Испанийн аварга шалгаруулах тэмцээнд “Реал Сосьедад” багтай хийх тоглолтыг өнжих аж.

Роналду Испанийн аварга шалгаруулах тэмцээнд “Вильярреал” клубтай дөрөвдүгээр сарын 20-нд хийсэн тоглолтын үеэр баруун хөлөө гэмтээсний улмаас "Райо Вальекано"-той хийсэн тоглолт /3:2/  болон Аваргуудын лигийн хагас шигшээд  "Манчестер Сити"-тэй хийсэн эхний тоглолтыг /0:0/ өнжсөн юм.

Хэрэв гуяных нь булчин тасарсан бол "Манчестер Сити"-тэй хийх тоглолтоос өмнө богино хугацаанд хөл дээр нь босгохын тулд түүнд үүдэл эсийн эмчилгээ хийж магадгүй гэж Испанийн хэвлэлүүд өмнө нь мэдээлж байжээ.

"Реал" клуб тавдугаар сарын 4-нд "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэнд "Манчестер Сити"-тэй тоглоно.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ