Номын санчдын дунд бүтээлч уншлагын уралдаан зарлаж дүгнэв

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-03-19 12:22:22

Хэнтий /МОНЦАМЭ/ Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн мэндэлсний 90 жилийн ойн нэрэмжит “Бүтээлч уншлага”-ын аймгийн хоёрдугаар уралдааныг номын санчдын дунд зохион байгуулж дүгнэлээ. 

Хэнтий аймгийн ИТХ-ын даргын ивээл дор “Оюунлаг хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих” зорилтын хүрээнд зохион байгуулсан тус уралдааныг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр зарласан аж.

Энэ удаагийн уралдааныг номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урам өгөх, алдаршуулах, номын сан, номын санчаар дамжуулан байгууллага, хүүхэд багачууд, иргэдийн бүтээлч уншлагыг өрнүүлэхэд зорьсон байна.

Уралдааны хугацаанд “Уншигчийн өдөр”-ийг сар бүр зохион байгуулж, “Бүтээлч уншлага” дэвтэр аялуулсан бөгөөд 12 сум, 67 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, 5000 орчим иргэн, хүүхэд багачууд, 30 анги хамт олон хамрагдаж, 33 нэр төрлийн соёл мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.
28 номын санчийн зохион байгуулсан ажлыг нэгтгэн дүгнэхэд, шилдэг номын санчаар Баянмөнх сумын соёлын төвийн номын санч Ч.Дэлгэрсүрэн, Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн номын санч Д.Эрдэнэчимэг, Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн номын санч Ж.Алтанцэцэг нар шалгарч, гадаадад аялах эрхээр шагнууллаа.
Мөн шилдэг номын сантай Соёлын төвөөр Бор-Өндөр сумын соёлын төвийн номын сан /Номын санч М.Чулуунцэцэг/, шилдэг номын сантай сургуулиар Баян-Овоо сумын ЕБС-ийн номын сан /Номын санч Б.Ганцэцэг/ шилдэг номын сантай анги хамт олноор Хэрлэн Лаборатори нэгдүгээр сургуулийн 9б анги  /
багш М.Сарнай/, Баянмөнх сумын ЕБС-ийн 5б анги /багш З.Баяртуяа/, шилдэг номын сантай өрхөөр Бор-Өндөр сумын иргэн, уурхайчин Т.Батнастын гэр бүл тус тус шалгарчээ.

2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан “Номын санч танд баярлалаа” хөтөлбөрт ажил хорио цээрийн улмаас хойшилсон. Иймд шалгарсан номын санч, иргэдийн шагнал, гадаадад аялуулах ажлыг тусгайлан /аяллын зардлыг шилжүүлэх зэргээр/ зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
“Бүтээлч уншлагын анхдугаар уралдаан”-ы шилдгүүд БНХАУ-ын Таньжин хотын Бинхайн нүд хэмээх алдарт ном соёлын төвд аялсан билээ.


Холбоотой мэдээ