ХӨСҮТ: “COVID-19” халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-19 11:44:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар “COVID-19”-өөр халдварласан шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд "COVID 19"-өөр халдварласан нь тогтоогдсон зургаан өвчтөнийг ХӨСҮТ-д эмчилж байна.

Өчигдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр, нийт дөрвөн сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тэдэнд хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй байна. 

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Өчигдөр Сэлэнгэ аймагт сэжигтэй гурван тохиолдол тусгаарлагдсан. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Коронавирусээр халдварласан нь батлагдсан 6 тохиолдол ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Дөрвийнх нь биеийн байдал дунд, франц иргэнийх тогтвортой, нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Одоогоор дөрвөн удаагийн тусгай үүргийн онгоцоор мянга гаруй хүн эх орондоо ирээд байгаа юм. Тэдгээрт үргэлжлүүлэн шинжилгээ хийж байгаа аж. Түүнчлэн өчигдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 200 гаруй хүн ирснээс ХӨСҮТ-д 25 хүнийг тусгаарлажээ.


Холбоотой мэдээ