“Онигоо амилуулагч” цахим, нөхөрсөг уралдааныг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-03-20 09:56:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Соёлын төвөөс “Онигоо амилуулагч” цахим, нөхөрсөг уралдааныг зохион байгуулж буй тул иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.


Мэдээ мэдээллийн асар хурдтай хөгжил өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа өнөө үед сөрөг мэдээллийн эргүүлгэнд орж бухимдал, стресс зэргээс шалтгаалан хүний амьдралын хэв маяг алдагдаж байна. Иймд хошин инээдээр дамжуулан иргэдэд баяр, баясал инээд хөөр, амьдралын гэрэл, гэгээ бүхнийг түгээж тэдэнд урлаг, гоо зүйн боловсрол олгох, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор энэхүү цахим уралдааныг явуулахаар болжээ.

Оролцогч ямар ч онигоо ярьж болох бөгөөд гол нь бичлэг хийж, онигоогоо хэрхэн амилуулах нь чухал юм гэдгийг Соёлын төвөөс онцлон танилцууллаа. Түүнчлэн уралдаанд оролцогчид онигоо ярьж буй бичлэгээ чанар хангахуйц цахим хэлбэрээр Соёлын төв Дэлгэр сум гэсэн фэйсбүүк хуудаст бичлэгээ илгээснээр уралдаанд оролцох эрх үүсэх ажээ. Мөн оролцогч өөрийн фэйсбүүк хаягийн нэр, өөрийн овог нэрээ заавал бичих ёстой бөгөөд Дэлгэр суманд амьдардаг байх ёстой гэдгийг анхааруулсан байна.

Уг уралдааныг гуравдугаар сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын хоёрны өдөр хүртэл явуулж шилдгүүдээ шалгаруулах ажээ.


Холбоотой мэдээ