Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга NEAR холбооны "Хүндэт элч" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-21 14:22:10

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатарыг Зүүн хойд Азийн Нутгийн захиргааны холбооны /NEAR/ “Хүндэт элч”-ээр өргөмжилжээ.

Түүний хувьд төр захиргааны байгууллагад тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагч юм.

NEAR бол Зүүн хойд Азийн зургаан улсын засаг захиргааны томхон нэгж өөрөөр хэлбэл муж, аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааны байгууллага юм. 1996 оны есдүгээр сард байгуулагдсанаас хойш Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Япон зургаан орны 78 орон нутаг гишүүнээр элссэн бөгөөд Зүүн хойд Азийн 660.5 сая хүн амыг хамрах ба таван ажиглагч орон нутаг, олон улсын гурван байгууллага (AER, R20, ICLEI)-тай түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажилладаг байна.

Харилцан ашигтай, тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан тус холбоо нь Зүүн хойд Азийг хамтдаа хөгжүүлэх, гишүүн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, харилцан ойлголцолд үндэслэсэн итгэлцлийг бий болгож улмаар дэлхийн энхтайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг зорилго болгон ажилладаг гэнэ.

Тус байгууллагад 1998 онд Төв, Сэлэнгэ аймаг гишүүнээр элссэн бөгөөд улмаар 2006 онд Улаанбаатар хот болон бусад 19 аймаг гишүүнээр элсчээ.


Холбоотой мэдээ