Дугуйн клубийнхан оны анхны аяллаа хийлээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-03-22 16:58:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Хонгорын дугуйчин" клубын гишүүд "Урин хавар-2020" дугуйн аяллыг зохион байгууллаа. Энэ удаагийн аялалд Баянхонгор аймгийн Гон гандан дэдлин хийдийн лам нар нэгдэж Номгон хайрхан уулаа хамтдаа тойрчээ.
Баянхонгор аймгийн дугуйчдын клуб байнгын 60, хөдөлгөөнт 300 орчим гишүүнтэй бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш хол болон ойрын 50 шахам аяллыг хийгээд байна.
Моторгүй тээврийн хэрэгсэл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хамгийн үр дүнтэй арга, хэрэгслийн нэгт зүй ёсоор тооцогддог. Унадаг дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг багасгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой маш олон зүйлээр автомашинаас давуу талтай.
Дугуй унаснаар:
-Зүрх судас, амьсгалын замын тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Цэвэр агаарт дугуй унаснаар уушги бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлдэг.
-Биеийн доод хэсгийн булчин болох гуя, шилбэ, нурууны булчинг чангалж өгдөг. Суудлын өвчтэй болон ташаа, өвдөг, үе хэсгээр гэмтэлтэй бол дугуй унах нь хөнгөн маягийн эмчилгээ болдгоороо давуу талтай.
-Дугуй унах нь гүйхээс дутуугүй калори шатаадаг ба хэрэв суудал дээрээ биеэ цэх, гэдгэр байлгаж, зөв хийвэл хэвлийн булчинг ч чангалж өгдөг. Жин хасах зорилгоор дугуй унах гэж байгаа бол жирийн үеийнхээс хурдасгаж, 45 минутаас илүү унаж байх ёстой.
-Бодисын солилцоо сайжирснаар ходоод эрүүл байж, тэр хэсгийн өөхлөлтийг багасган, урт наслахад тань тусална.
-Дугуй унах нь сэтгэл санаа тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
-Дугуй унах нь дархлааг дэмжиж хорт хавдраар өвдөх магадлал эрсдэлийг бууруулна. Амралт бас бяцхан аялал болж өгнө. Эрч хүч нэмэгдэнэ.
Ташрамд, Унадаг дугуй унахаар сонирхож буй хүмүүс өөрт тохирсон дугуйг сонгох, хамгаалалтын малгай өмсөж хэвших, хөдөлгөөнд саад учруулахгүй биед эвтэйхэн хувцас сонгох хэрэгтэйг Дугуйчдын клубынхан сануулж байна.
Холбоотой мэдээ