Д.Нямхүү: Франц иргэнийг 10 хоногт багтаан эдгээнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-23 11:23:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусээр халдварласан 10 хүний биеийн байдал тогтвортой, сайжирч байна. Франц иргэний хувьд, 10 хоногийн дотор эмчилнэ гэдгээ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр мэдэгдэв.


Тусгай нислэгээр эх оронд нь татсан иргэдээс ес, Франц улсын нэг иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрч, ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна. Хүнд байсан хоёр өвчтөний биеийн байдал тогтворжсон, бусад хүний биеийн байдал ерөнхийдөө дунд зэрэг байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэмдэглэлээ. Тэрбээр, “Франц иргэний уушгийг манай эмч нарийвчлан үзээд сэргэж байгаа өөрчлөлтийг нь хэлж, эмчилгээ зохиж байгааг дуулгасан. Франц иргэн эмчдээ хандаж “би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе” гэсэн сайхан мессеж бичжээ. Хамгийн багадаа тухайн өвчтөнийг 10 хоногт эмчилнэ. Цаашид ч бусад өвчтөнөө богино хугацаанд эмчилж аврах болно” хэмээв.


Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс эхний ээлжинд архаг хууч өвчтэй, өндөр настай зэрэг 24 хүнийг сонгон шинжлэхэд шинэ коронавирусний халдвар илрээгүйг тэрээр мэдээлэлдээ онцоллоо. Мөн Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 51 хүний шинжилгээ сөрөг буюу шинэ коронавирусний халдвар илрээгүй байна. Хүмүүсийг дэс дараалалтай сонгон шинжилж, нягтлаад дахин хянаж байгааг тодотгов. Үүнээс гадна Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ сөрөг гарчээ. 


Өнөөдрийн 11.30 цагийн байдлаар, дэлхий даяар шинэ коронавирусний халдвар илэрсэн 192 улсад 337 570 хүн өвчилж, 14 655 хүн амиа алдаж, 98 884 хүн эдгэрчээ.



Холбоотой мэдээ