28 иргэнийг тусгаарлаад байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-24 19:44:33

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт 28 иргэнийг тусгаарлан ажиглаж байна гэж Шуурхай штабаас мэдээллээ.  

Улсын онцгой комиссоос энэ сарын 23-ны 20.00 цаг хүртэл ОХУ-тай хиллэдэг боомтуудаар монгол иргэдийг нэвтрүүлэх, цаашид 28-ны 06.00 цаг хүртэл зөвхөн Алтанбулаг боомтоор монгол иргэдийг оруулах чиглэл өгчээ. Тусгаарлалтад байгаа дээрх 28 иргэн 18-23-ны хооронд Ульхан, Эрээнцавын боомтоор нэвтэрсэн юм. Тэднийг шаардлагын дагуу тээвэрлэж, Халдвартын тасагт тусгаарласан, одоогоор иргэдийн биеийн байдал хэвийн байна гэв.

Ташрамд дуулгахад, энэ сарын 19-нд хот хоорондын автобусаар зорчиж явсан хилийн отрядын гэрээт цэрэг өндөр халуурч, Хэнтий аймагт бусад зорчигч, жолоочийн хамт тусгаарлагдаад байсныг буцааж Дорнодод авч ирсэн. Түүнээс хойш хоёр ч иргэн биеэ тавгүй байхад хот хооронд зорчих гэж байсныг хоригложээ. Тиймээс иргэд биед нь ямар нэгэн шинж тэмдэг илэрч, тавгүйрхсэн тохиолдолд олон хүнтэй газраар явахгүй, зорчихгүй хариуцлагатай байхыг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ