Москвад "гэртээ өөрийгөө тусгаарлах" дэглэм тогтоолоо

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-03-30 09:37:21

МОСКВА. /RIA Novosti/. Коронавирусний халдварын 900 гаруй тохиолдол бүртгэгдээд буй Москва хотын бүх оршин суугчдад гэртээ өөрийгөө тусгаарлах дэглэм тогтоосныг хотын захирагч Сергей Собянин ням гарагт мэдэгджээ. Энэ дэглэм гуравдугаар сарын 30-ны даваа гаргаас мөрдөгдөж эхэлнэ. Москва мужид мөн ийм арга хэмжээ авсан байна. 


Москва хот болон Москва мужийн оршин суугчдыг дараах тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрнө:

  • Эмнэлгийн тусламж авах болон эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдалд орсон
  • Очих шаардлагатай бол ажил руугаа явах
  • Хамгийн ойр байгаа дэлгүүр эсвэл эмийн сан орох
  • Гэрийн тэжээвэр амьтнаа оршин сууж буй газраасаа 100 метрээс хэтрэхгүй зайд салхилуулах
  • Ахуйн хог хаягдлаа гаргах шаардлагатай үед 

Москва хотын захирагчийн ажлын албанаас өөр нэгэн арга хэмжээг ойрын өдрүүдэд авахаар төлөвлөсөн байна. Энэ нь зөвхөн тусгай зөвшөөрлийн бичигтэй тохиолдолд гадагш гарахыг зөвшөөрөх юм. Тусгай зөвшөөрлийн бичгийн төрөл, олгох журам, авах аргыг Москвагийн засгийн газар тусдаа баримт бичгээр тогтоох аж. Уг баримт бичгийг нийтлэхээс өмнө тусгай зөвшөөрөлгүйгээр хотоор явах боломжтой. Шинэ хязгаарлалтыг зөрчсөн тохиолдол ямар шийтгэл ногдуулахыг удахгүй тогтооно гэж мэдээлж байна.


Онцын шаардлагагүй бол хотоор зугаалах шаардлагагүй гэдгийг хотын захирагч анхааруулжээ. Иргэд гудамж, дэлгүүр, нийтийн тээврийн хэрэгсэлд бие биеэсээ 1.5 метр зайтай байх шаардлагатай бөгөөд үүнд таксины үйлчилгээ хамаарахгүй байна. Гэрийн хорио цээрийн дэглэм нь иргэдийн Москвад ирэх эсвэл явах эрхийг хязгаарлаагүй гэдгийг хотын эрх баригчид тэмдэглэжээ.


ОХУ-д коронавирусний халдварын нийт 1534 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор тус улсад есөн хүн уг халдвараар нас барсан бол 64 хүн эдгэрчээ.


Холбоотой мэдээ