Өвсний үндэс хөтөлбөрийн санхүүжилтээр эрүүл мэндийн төвийн их засварыг хийнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-30 17:02:34

Завхан/МОНЦАМЭ/.Энэ онд Завхан аймагт Японы элчин сайдын яам, “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд хоёр барилгын засварыг хийнэ.

Японы элчин сайдын яам, “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн  буцалтгүй тусламжаар 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилгын өргөтгөл, засвар хийгдэнэ. Тухайлбал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн барилга, Эрдэнэхайрхан сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг засварлахаар болсон. Энэхүү төслүүд хэрэгжсэнээр Эрдэнэхайрхан сумын хүүхэд багачуудын сурч боловсрох орчин сайжирна. Тосонцэнгэл сум нь түр оршин суугчтайгаа давхардсан тоогоор 10 гаруй мянган хүн амтай Завханы томоохон сумын нэг. Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн барилга нь 1994 онд ашиглалтад орсон.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг нь жилдээ 25 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тойргийн Их-Уул, Тэлмэн сумдаас Архангай, Хөвсгөл аймгийн хил залгаа сумдын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн барилгын өргөтгөл, засвар хийгдсэнээр хэвтэн эмчлүүлэх орны тоо нэмэгдээд зогсохгүй эмнэлгийн орчин нөхцөл сайжирснаар орон нутгийн иргэд тав тухтай орчин үйлчлүүлэх боломж бүрдэх  ажээ. Ташрамд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөр нь хөгжиж буй орны энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, бүх хүмүүсийг хамарсан тусламжийг үзүүлэхийн тулд 1989 онд хэрэгжиж эхэлсэн систем ажээ. Монгол улсад 1990 оноос хойш “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийг үзүүлж Монгол улсын нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулсаар иржээ. 

Холбоотой мэдээ