УБТЗ нэг аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээтэй дүйцэхүйц ачаалал үүрдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-10 10:21:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн олон ажилтантай байгууллага нь УБТЗ ХНН бөгөөд нийт 15.8 мянган ажилтантай юм.


COVID 19 цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөллөөс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх бодлогыг Засгийн газраас баримталж байна. Энэ үед манай улсын хамгийн олон иргэн ажил амьдралаа холбосон энэ том айл ажиллагсдынхаа нийгмийн халамжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатараас сонирхлоо.


Тус нийгэмлэг ажилтнуудынхаа нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэхэд 2019 онд 53 тэрбум төгрөг зарцуулжээ



7200 ахмадын нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэхэд 1.8 тэрбум төгрөг зарцуулдаг


УБТЗ нийгэмлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан 7200 ахмадыг амралт, сувиллын газарт амраах, түлшний хөнгөлөлт олгох зэрэг нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэхэд жилийн цалингийн сангийнхаа нэг хувь буюу 1.8 тэрбум төгрөг зарцуулдаг байна.


Одоо байгаа ажилтнууд болон ахмадууд, тэдний гэр бүлийн гишүүдийг оруулж тооцвол 80 мянга буюу нэг аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээтэй дүйцэхүйц ачаалал үүрч байна. Энэ бүх ачааллыг даван гарахад тус нийгэмлэгийн харьяанд байдаг эмнэлэг, цэцэрлэг, орон сууц, барилга, худалдаа, аялал жуулчлалын байгууллагууд  Баянбуурал амралт, Булагтай сувилал, Төмөр замын дээд сургууль, политехник коллеж зэрэг 10 гаруй байгууллага гол үүрэг гүйцэтгэдэг байна.


6800 гаруй ажилтан орон сууцанд орох шаардлагатай


УБТЗ ХНН Улаанбаатар хотоос гадна 8 аймгийн 30 гаруй сумыг дамнасан 1115 км гол замтай. Тиймээс тус нийгэмлэгийн нийт ажилтнуудын 49 хувь нь орон нутагт ажилладаг. Үүний улмаас ажилтнуудынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэх нь ихээхэн чухал.

Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу УБТЗ-ын өмчлөлийн 10 мянган орон сууцыг 2003-2017 онд төмөр замчдад хувьчилсан. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд 1939-2019 онд барьсан, 2230 өрхийн 533 орон сууцны барилга бий. Үүнээс 341 буюу 64 нь 1960 оноос өмнө ашиглалтад орсон, бүр тодруулбал хэт хуучирсан, галладаг пийшинтэй хуучны модон болон чулуун барилга. Гэтэл нийгэмлэгийн 6800 гаруй ажилтан орон сууцанд орох шаардлагатай байгаа аж.


Ажилтнуудаа орон сууцжуулах хоёр төсөл хэрэгжүүлж байна


УБТЗ-аас ажилтнуудаа орон сууцжуулах хоёр төсөл хэрэгжүүлж байна. Эхнийх нь технологийн буюу нийслэлээс орон нутагт томилогдсон эсхүл орон нутгийн залуу ажилтнуудаа оруулах зорилготой өртөө, зөрлөгүүдэд байгаа орон сууцуудыг шинэчлэх. Энэхүү хөтөлбөрийг 2030 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

Хоёр дахь нь, 2009 онд эхэлсэн банкны урт хугацааны зээлээр орон сууцжуулах хөтөлбөр. УБТЗ-ын орон сууц, барилга, байгууламж барих, засварлах салбарт 870 гаруй хүн ажиллаж байна. Уг нөөц боломжоо ашиглан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Зүүнхараа, Чойр, Сайншанд, Замын-Үүд зангилаанд 15 орон сууц барьж, 2000 гаруй ажилтнаа орон сууцанд оруулжээ. Ингэхдээ барилгын материалыг хямд байхад нь худалдан авах, тээвэрлэх зардлыг УБТЗ хариуцах, барилга ашиглалтад орохоос өмнөх ипотекийн зээлийн хүүг мөн нийгэмлэг хариуцах зэрэг 7 төрлийн хөнгөлөлтийг ажилтнууддаа үзүүлдэг байна. Ингэснээр тус нийгэмлэгийн ажилтнууд орон сууцны 1 ам дөрвөлжин талбайг зах зээлийн үнээс 250-300 мянган төгрөгөөр хямд авах боломжтой болдог аж.

Энэ онд Мааньт, Бэлэн далай өртөөнд барьсан 24 айлын орон сууцны 2 барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бол Салхит зангилаанд 40, Рашаантад 32 айлын орон сууцны барилгыг эхлүүлэх аж.

Өнгөрсөн онд зарцуулсан 53 тэрбум төгрөгөөс 49.1 хувь нь орон сууцжуулах хөтөлбөрт шингэжээ.



Сүхбаатараас Замын-Үүд боомт хүртэлх төмөр зам дагуу 27 цэцэрлэг ажиллаж байна

Орон сууцнаас гадна тулгамддаг нэг том бэрхшээл нь ажилтнуудын хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудал. Тиймдээ ч Сүхбаатар боомтоос Замын-Үүд боомт хүртэлх төмөр зам дагуу УБТЗ-ын 27 цэцэрлэг ажиллаж байна. Эдгээр цэцэрлэгт жилд 11.6 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд 134 багш, 128 туслах багш 4970 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Үүний 4374 нь төмөр замчдын хүүхэд бол үлдсэн 596 нь цэцэрлэгийн ойр орчимд байдаг айл, өрхүүдийн хүүхэд аж. 


Хөдөлгөөнт оношилгооны төв хоёр хүний хорт хавдрыг эрт илрүүлжээ


УБТЗ-ын Төв эмнэлэг 2019 онд 10 мянган иргэнд үйлчилжээ. Мөн хүүхдийн салбар эмнэлэг төмөр замчдын 4 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна. Гэвч орон нутгийн ажилтнууд тэр бүр Улаанбаатар хотод ирж, эмчилгээ хийлгэх боломжгүй тул 2019 онд хөдөлгөөнт оношилгооны төв 3 вагоныг орчин үеийн дурангийн болон цахилгаан, хэт авианы оношилгоо, эмчилгээний аппарат, төхөөрөмжөөр тоноглож ашиглалтад оруулжээ. Ингэснээр орон нутгийн ажилтнууд болон иргэдэд эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэх боломжтой болсон байна. Тухайлбал, өнгөрсөн онд тус оношилгооны вагоноор үйлчлүүлсэн 2 иргэний хорт хавдрыг эрт илрүүлсэн бөгөөд эмчилгээг шуурхай эхлүүлснээр бүрэн эдгээж чаджээ. 

Холбоотой мэдээ