820 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг хийх шаардлагатай

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-15 11:23:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 820 мянган га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.


Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатын санаачилгаар Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Доктор, дэд профессор Х.Батнаран, Эрдэм шинжилгээний ажилтан Г.Мөнхчулуун нар бэлчээрийн хөнөөлт цайвар үлийчийн /үлийн цагаан оготно/ тодотгох судалгаагаар 15 суманд ажиллаж, тайланг аймгийн удирдлагуудад танилцууллаа.

Тодотгох судалгааны багийн дүгнэлтээр тус аймгийн хэмжээнд хоёр сая га талбайд цайвар үлийч тархаж их, бага хэмжээгээр хөнөөл учруулж байгаагаас 820 мянган га бэлчээрийн талбайд тэмцэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ. Ингэхдээ микробиологийн арга буюу тухайн зүйлийн мэрэгч амьтанд сонгомол үйлчилгээтэй бичил биетийг үйлдвэрийн аргаар үржүүлж, улаан буудайд шингээсэн бэлдмэлийг техникээр болон гараар цацаж, тэмцэх арга үр дүнтэй болохыг санал болголоо. Уг аргыг ногоо ургахаас өмнө буюу цайвар үлийчийн үржлийн үед зохион байгуулвал илүү үр дүнтэйгээс гадна 3 хоногийн дотор бактери устах бөгөөд мал ахуй, зэрлэг ан амьтан хордох, ард иргэдийн дунд тархсанаар ургах эрсдэл гарахгүй болохыг мэргэжлийн хүмүүс онцолсон юм.

Холбоотой мэдээ