Үлийн цагаан оготно устгах ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-15 12:20:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 13 сумын 27 багийн 50 мянга орчим га талбайд үлийн цагаан оготно устгах ажлыг эхлүүллээ. Ингэхдээ малчдын оролцоотойгоор байгальд хор хөнөөлгүй микро-биологийн аргыг хэрэглэж байгаа аж.

Цас ханзарч, оготно ичээнээсээ гарч эхэлж байгаа энэ үед устгал хийх нь үр дүнтэй байдаг бөгөөд тус ажил энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Усны шувууд ихээр цугладаг нуур уснаас 500 м-ээс доошгүй зайд бэлдмэл цацах бөгөөд хор цацсан талбайд 21-45 хоногоос доошгүй хугацаанд мал оруулахыг, талбайн ойролцоо насанд хүрээгүй хүүхдийг малд явуулахыг хориглодог байна.

Нэг үлийн цагаан оготно зуны 3 сарын туршид 100 гаруй болж үрждэг гэх бөгөөд бэлчээр нутгийг ихээр талхалдаг. Бэлчээр өвсгүй болсноор үлийн цагаан оготноос хамааралтай зудын эрсдэл 50-60 хувийг эзэлдэг бөгөөд үлийн цагаан оготно ихсэх нь өвөлжилт, хаваржилт хүндрэх нэг шалтгаан болдог байна.  

Холбоотой мэдээ