Эхний улиралд 71 бүтээлд оюуны өмчийн гэрчилгээ олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газрын мэдээллээр, улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын гэрчилгээ авахаар 99 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 29 (22.7%)-өөр буурчээ. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 22 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.
Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний улиралд ирүүлсэн 71 бүтээлд патент олгосны 28 нь шинэ бүтээлийнх, 43 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 15 (34.9%)-аар буурч, бүтээгдэхүүний загварын патент 16 (59.3%)-гаар өсжээ.
Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзэхэд 7 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 5 нь хими, төмөрлөг, 5 нь барилга, уул уурхай, 4 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, 7 нь бусад ангилалд хамаарч байна.
Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2020 оны эхний улиралд 82 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 28 (51.9%)-аар нэмэгджээ.
Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 58 ашигтай загварт гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеэс 23 (65.7%)-аар өсжээ.
Монгол Улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 981 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 517 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.
Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 1115 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь өмнөх оны мөн үеэс 183 (19.6%)-аар өсөж, 535 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна.
Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2020 оны эхний улиралд 285 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеэс 5 (1.7%)-аар буурчээ.