Энэтхэгт зарим хязгаарлалтыг сулрууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-04-15 16:20:48

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгт орон даяар тогтоосон хөл хориог сунгаснаас нэг хоногийн дараа ферм, банк болон барилгын салбарт хязгаарлалтыг сулрууллаа. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн үйлчилгээ, ихэнх бизнес зогссон хэвээр байна. Шинэ дүрмүүд нь эдийн засагт учрах нөлөөг бууруулах төлөвтэй байна.


Энэтхэгт коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас тогтоосон хөл хориог ирэх тавдугаар сарын 3 хүртэл гурван долоо хоногоор сунгах шийдвэр өчигдөр гарсан юм. Тус улсад сүүлийн мэдээллээр 11 мянга гаруй хүн халдвар авч, 377 хүн нас баржээ.


Энэтхэгт халдварын анхны тохиолдол өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан хүний тоо гуравдугаар сарын эхэн үеэс огцом нэмэгдэж эхэлсэн юм. Зорчих хөдөлгөөний хатуу хязгаарлалтуудыг анх тогтоосон орнуудын нэг болох Энэтхэгт хөл хорио тогтоосноос эхлэн дотоодын галт тэрэгний хөдөлгөөн болон нислэгийг зогсоосон байна. Цаашид эдгээр хязгаарлалтыг үргэлжлүүлэн мөрдөхөөс гадна сургууль, коллеж, их дэлгүүр, кинотеатр болон бизнесийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байх бөгөөд улс төрийн, шашны холбогдолтой цуглааныг үргэлжлүүлэн хориглоно.


Харин Засгийн газар хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг сэргээхээр болсон бөгөөд үүнд сүүн бүтээгдэхүүн, загасны аж ахуй болон цай, кофений тариалан багтана. Түүнчлэн бордоо, газар тариалангийн тоног төхөөрөмж худалдаалдаг дэлгүүрүүд нээгдэнэ. Мөн өдрөөр цалинждаг ажилтнуудын хувьд чухал ач холбогдолтой барилгын ажлыг сэргээх хэдий ч зайнаас харилцах гэх мэт хатуу дүрмүүдийг баримтлахыг шаардах ажээ.

Холбоотой мэдээ