Д.Трамп: АНУ-д "COVID-19" халдварын оргил үе өнгөрлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-16 11:02:40

ВАШИНГТОН. /ВBC/. АНУ-д коронавирусний халдварын оргил үе өнгөрлөө гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд, энэ сардаа багтаан зарим муж улсад тогтоосон хязгаарлалтыг цуцална хэмээн таамаглаж буйгаа илэрхийлжээ.


Цагаан ордонд өдөр тутам зохион байгуулж буй хэвлэлийн бага хурлын үеэр Д.Трамп, шинэчилсэн удирдамжийг захирагчидтай хэлэлцсэний дараа пүрэв гарагт танилцуулна гэж хэлсэн байна.


АНУ-д “COVID-19” халдварын 635 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 28 мянга гаруй хүн нас баржээ. “Сүүлийн үеийн тоон үзүүлэлтүүдээс үзэхэд халдварын оргил үе өнгөрсөн бололтой” гэж АНУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэжээ.


Д.Трампын хэлснээр, АНУ-д 3.3 сая хүнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд эсрэг биетийн шинжилгээг тун удахгүй авч эхлэх ажээ. Тэрбээр тавдугаар сарын 1 гэхэд улс орон даяар хязгаарлалтыг цуцалж магадгүй хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм.


Ерөнхийлөгчөөс хязгаарлалтыг эрт цуцлах нь аюултай эсэх талаар асуухад, цаашид үүнийг хэвээр үргэлжлүүлсэн ч нас баралт бүртгэгдсээр байх болно гэж хариулжээ. Мөн тэрбээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг онцлоод, эдийн засаг зогсолтод орсноос үүдэлтэй амиа егүүтгэх асуудал газар авч байгааг дурджээ.


АНУ-д орон даяар тогтоосон хөл хорионы арга хэмжээний улмаас Америкийн олон сая иргэн ажилгүй болж, ажилгүйдлийн түвшин урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ