Зэр зэвсэгт зориулж байгаа зардлыг цар тахлын эсрэг зориулахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-17 15:06:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатарын үйл явц” хэмээх Зүүн хойд Азийн ТББ-уудын хамтын ажиллагааны форум анх удаа цахимаар өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар, зэр зэвсгээр хөөцөлдөхөд зориулж буй үрэлгэн зардлыг хорогдуулж цар тахалтай тэмцэхэд зарцуулахыг уриалж хамтарсан мэдэгдэл гаргажээ. 


Хамтарсан мэдэгдэлд, "Цөмийн цацрагийн аюулын адил COVID-19-ийн цар тахал нь нийт улс орон, хүн төрөлхтний өмнө тулгарсан ноцтой аюул занал болж байна. Тиймээс үндэсний болон хамтын аюулгүй байдлын тухай ойлголтуудад шинэ өнцгөөс харж хандах зайлшгүй шаардлага гарч байна. Энэхүү цар тахалд улс орнууд бэлтгэлгүй байсанд зохих дүгнэлт хийж эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх шаардлага гарч байгаа тул зэр зэвсгээр хөөцөлдөхөд зориулсан үрэлгэн зардлыг  хорогдуулж тахалтай тэмцэх, цаашид гарч болзошгүй цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг хамгаалах, тэднийг шаардлагатай зэмсэг, тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулах хэрэгтэй байна. Мөн өнөөгийн байдлыг харгалзан хүмүүнлэгийн тусламжийг эдийн засгийн хориг арга хэмжээнээс тусгайлан үзэж ядарч туйлдаж буй хүмүүст саад хориггүй хүргэх хэрэгтэй байна" гэж заасан байна. 


"Улаанбаатарын үйл явц" нь 2015 онд Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх дэлхий нийтийн сүлжээний Зүүнхойд Азийн салбар болон Цэнхэр Сүлд хэмээх Монголын ТББ-аас  хамтран байгуулсан бүс нутгийн зөвлөлдөх болон санаа бодлоо чөлөөтэй солилцон хамтран ажиллах механизм юм. 

Холбоотой мэдээ