Төвийн бүсийн тариаланчдад 4 тонн хүнсний ногооны үр олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар НҮБ-аас Хүнсний болон хоол тэжээлийн аюулгүй байдал, "COVID-19"-ийн нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх 62,000 ам.долларын техник туслалцааны төслийн баримт бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд төвийн тариалангийн бүсийн 1430 тариаланчийг 4 тонн хүнсний ногооны үрээр хангахын зэрэгцээ техникийн мэдлэг, чадварыг нь сайжруулах чиглэлийн сургалтад хамруулна.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, "Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг манай ногоочид тариаланчдад үрийн дэмжлэг маш том дэмжлэг болно. Төр захиргааны байгууллагууд газрын асуудлыг нь шийдэж өгнө. Үрийн дэмжлэгийг бид хамтраад шийдэж өгч байгаа учраас одоо зохион байгуулалтын ажлууд үлдэж байна" хэмээгээд тариалалт эхлэх гэж байгаа энэ чухал цаг үед шуурхай ажиллан монголчуудын хүнсний болон хоол тэжээлийн аюулгүй байдал, "COVID-19"-ийн нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч байгаад НҮБ-д Монгол улсын Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлжээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа: "Тариаланчдыг хүнсний ногооны үрээр хангах зорилготой уг төслийг нэгдүгээрт, одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор, хоёрдугаарт Засгийн газрын тавьж байгаа зорилтуудыг дэмжих хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Хүнсний ногоо тарьж, өрхийн аж ахуй эрхэлдэг 1400 өрхийг төрөл бүрийн хүнсний ногооны үрээр хангана. Энэ ажлыг бид үрийн дэмжлэг төдийгүй хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, хүний биеийн бичил бодисын дутагдлын асуудалд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж монголчуудын эрүүл мэндэд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн байна.