Эрдэнэдалайн сургууль Тайландын гүнжийн ивээлээр туслах аж ахуйтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-03 12:48:19

Тайландын Вант улсын эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорны ивээлээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургууль туслах аж ахуйтай болох гэж байна.

Тодруулбал, Эрхэмсэг гүнжийн ивээл дор Монгол Улсын БСШУЯ “Хөдөө аж ахуйд суурилсан сургуулийн үдийн цайны хоол хүнсний хангамжийг сайжруулах” төслийг Төв аймгийн Алтанбулаг, Бүрэн, Баян, Сүхбаатар аймгийн Уулбаян, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуульд хэрэгжүүлэхээр болсон ажээ.

Төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд үр дүнд нь сургуулиуд хүнсний ногооны тариалалтын талбай, нарийн ногооны хүлэмж, үнээний фермтэй болох юм байна.

“Эхний жилд ногооны талбайн хашаа барих, зоорь засварлах, худаг гаргах, бага оврын трактор авахад зориулан 19.7 мянган долларын хөрөнгө оруулалт ирнэ. Бид ногооны гурван га талбайтай болохоор төлөвлөсөн. Энэ жилийн  хувьд  нэг га- д төмс, сонгино, манжин тарихаар зэхэж байна” гэж сургуулийн захирал Л.Буянтогтох хэллээ.

Ногооны талбайд багш, сурагчид хамтран ажиллана. Ингэснээр төмс хүнсний ногоо тарих арга барилд сурагчдаа сургах ач холбогдолтой гэлээ.

Энэ жил төс, хүнсний ногоо тарих бол ирэх жил хүлэмжийн тариалалт хийж,  гурав дахь жилд саалийн үнээтэй болсноор сурагчдынхаа үдийн цайнд сүү, цагаан идээ, нарийн ногоог тус сургууль өөрөө бэлдэх боломж бүрдэх юм байна.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ