“Amazon” агуулахууддаа дулаан мэдрэгч камер суурилуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-04-21 10:56:28

ВАШИНГТОН. /BBC/. Amazon” компани ажилтнууддаа коронавирусний халдварын шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг хянах үүднээс дэлхий даяарх агуулахууддаа дулаан мэдрэгч камер суурилуулсан байна.


Тэдгээр камер нь хүний биеийн дулааныг эргэн тойрны эд зүйлстэй харьцуулж, халуурч байгаа эсэхийг нь тогтоох бөгөөд ингэснээр халуун хэмжигчээр шалгаснаас илүү цаг хэмнэх юм. АНУ-д “Amazon” компанийн агуулахуудын 50 гаруй ажилтан халдвар авчээ. “Агуулахуудад зайнаас харилцах дүрмийг баримтлах бараг боломжгүй” гэж ажилтнууд үзэж байгаа ажээ.


“Бид хэрэглэгчдэд нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх үүднээс агуулахууддаа дулаан мэдрэгч камер суурилууллаа” гэж “Amazon” компанийн хэвлэлийн төлөөлөгч “BBC” сувагт мэдээлжээ.


Коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд олон оронд хөл хорио тогтоож, дэлгүүрүүд хаагдсаны улмаас цахим хүргэлтийн эрэлт огцом нэмэгдсэн байна. “Amazon” мөн дэлгүүрүүдийнхээ ажилтнуудын халууныг нэвтрэх хаалган дээр шалгахын оронд дулаан мэдрэгч камерууд байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ