Үл хөдлөх хөрөнгө зуучлал эрхлэх зөвшөөрөл олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-04-23 11:26:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн Зохицуулах Хорооноос Үл хөдлөх хөрөнгө зуучлал эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлж, шаардлага хангасан байгууллагад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгов.


Ийнхүү тус хорооны ээлжит VIII хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж,  33 асуудал  хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцсэн байна.


УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө зуучлал, мөн үнэт металл, үнэт чулууны арилжааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулж, зохицуулах, хяналт тавих үүргийг уг хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан.


Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан дээрх хуулиудад нэмж тодорхойлсон чиг үүргийн хүрээнд: СЗХ-ны 2020 оны 120 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ыг 2020 оны 150 дугаар тогтоолоор “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг тус тус баталсан.


Журмын дагуу энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг бүртгэж, хүсэлтээ ирүүлсэн байгууллага, иргэдийн материалыг хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгож эхэлжээ.

Холбоотой мэдээ