Үндэсний эх сурвалж судлаачидтайгаа хамтран ажиллахыг Ё.Баатарбилэг сайдаас хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khandmaa@montsame.gov.mn
2020-04-27 14:41:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүннү бичиг тайлагч “Сэргэлэн Интернэйшнал экспедишн" /СИЭ/ ТББ-аас БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт өнөөдөр ил захидал илгээжээ. Уг захидалд үндэсний эх сурвалж судлаачидтайгаа хамтран ажиллаж, бичиг соёл түүхийн судалгааны ололтыг Монголын ард түмэнд хүргэхэд гар бие оролцохыг хүссэн байна.


Манай улсад Түрэгийн хэмээн нэрлэгдсэн хүннү /руни/ бичгээрх 70 орчим гэрэлт хөшөө байдгийг голдуу гадаадын эрдэмтэд нээж, уншсан байдаг. Харин тэдгээр дурсгалыг монголчууд өөрсдөө тайлж унших талаар "СИЭ" ТББ-аас багагүй ажил өрнүүлж байгаа юм.


Тухайлбал, Хүйс толгойн гэх брахми үсэгтэй шашны зан агуулга бүхүй
 VI зууны Түрэг төрийн бичээс, Гол тигэн, Тоньюкук, Билгэ хаан, Тариат гэх хүн үсэгтэй, VII-VIII зууны Түрэг төрийн хадан бичээс, Шинэ могой ус болон Тэсийн хүн үсэгтэй VIII зууны Уйгур төрийн хадан бичээс
хүн үндэстэн болох өнөөгийн монголчуудын үндсэн хэлээр бичигдсэн хэмээн тус ТББ-аас мэдэгдэж буй билээ. Түүнчлэн "СИЭ" ТББ Гол тигэн хадан бичээсийн Их болон Бага бичээсээр нийт гурван анги буюу 36 хүн сургасан бөгөөд өнөө хоёр ангийн хичээл түр завсарлаад байгааг уг өргөх бичигт дурдаад, монголчуудын 800 жилийн түүхэнд тохиогоогүй энэхүү үйлийг БСШУС-ын сайд анхаарч үндэсний эх сурвалж судлаачидтайгаа хамтран ажиллаж, бичиг соёл түүхийн судалгааны ололтыг Монголын ард түмэнд хүргэхэд гар бие оролцохыг хүссэн байна. 


Ингээд ил захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.




"СЭPГЭЛЭН ИНТЕРНЭЙШНАЛ ЭКСПЕДИШН" ТББ

2020 оны 04-р сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот. Дугаар 05


Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг танаа

Бичиг соёл, түүхийн завхралыг арилгах тухай


Эрхэм хүндэт сайд Ё.Баатарбилэг танд “Сэргэлэн Интернэйшнл Экспедишн” /СИЭ/ ТББ-ын тэргүүн Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие таны Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын хувиар болон иргэн Ё.Баатарбилэгийн хувиар үндэстнийнхээ өмнө хүлээх үүргийг энэхүү захидалд тусгаж буй учир захидлаа Монгол Улсынхаа Үндсэн хуулийг эшлэн эхлүүлж байна.


Монгол улсын Үндсэн хуулийн тунхаг хэсэгт “Монголын ард түмэн бид:

...төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гэж оржээ.

Ё.Баатарбилэг та мануусын адил Монголын ард түмний нэгэн хэсэг тул төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх нь иргэн хүний үндсэн үүрэг тул энэхүү ил бичгийг танд ман сийрүүлж сууна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 7-р зүйлийн 1-р заалтад “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж буй учир, Ё.Баатарбилэг сайд таны удирдаж буй яам Монгол төрийн нэг хэсэг учир энэхүү ил бичгийг танд ман бүтээж сууна.


“Сэргэлэн Интернэйшнал Экспедишн” ТББ:

- Монгол гэдэг үг төрийн нэр болохоос үндэстэн болон хэлний нэр огт биш болохыг түүхэн эх сурвалжаар хөдөлшгүйгээр, эргэж буцалтгүйгээр батлав.

- Манай Монгол Улсын төр монгол хэлээр биш Хүн хэлээр өгүүлж буйг мөн тогтоов.

- Хүйс толгой гэх брахми үсэгтэй шаншны зан агуулга бүхүй  VI зууны манай Түрэг төрийн бичээс, Гол тигэн, Тоньюкук, Билгэ хаан, Тариат гэх Хүн үсэгтэй, манай VII-VIII зууны Түрэг төрийн хадан бичээс, Шинэ могой ус болон Тэсийн Хүн үсэгтэй манай VIII зууны Уйгур төрийн хадан бичээс нь Хүн үндэстэн болох өнөөгийн монголчуудын үндсэн хэлээр бичигдсэн болохыг нотолж буй билээ.

- “Сэргэлэн Интернэйшнал Экспедишн” ТББ Гол тигэн хадан бичээсийн Их болон Бага бичээсээр нийт гурван анги буюу 36 хүн сургасан бөгөөд өнөө хоёр ангийн хичээл түр завсарлав.

Ё.Баатарбилэг сайд аа, энэ бол Хүн үндэстэн монголчуудын 800 жилийн түүхэнд тохиогоогүй том амжилт.  Ийм түүхэн үйл Монгол Улсын Шинжлэх ухааны салбарын сайдын анхаарлаас гадуур байх ёсгүй.

Хүн үндэстэн өнөөгийн монголчуудын үндсэн хэлээр бичигдсэн манай Түрэг төрийн Гол тигэн болон Билгэ хааны хадан бичээсийг “Истамбулын туркийн дээдсийн эртний бичээс” хэмээн 2011 онд Монгол Улсын ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгээс Л.Болдтой хамтарч хэвлүүлсэн “Орхон бичгийн дурсгал” номоор тунхагласан байна. Энэ бол манай түүх соёлын дурсгалт зүйлийг санаатайгаар сүйтгэн, харийханд ашигтайгаар мушгин гуйвуулж буй Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой хэрэг болж байна.

Уг бичээсийг шинжлэн судалж, сэрээсэн “СИЭ” ТББ эх бичигтэйгээ эс ажилласан Л.Болд дээрх хоёр хадан бичээсийг эс судалсан ч судалж, мэдсэн дүрээр ШУА-ийн нэрийг барин ном гаргасныг хөдөлшгүйгээр баталж байна.

 2019 оны 8-р сарын 2 өдрийн Ё.Баатарбилэг сайд таны А/497 тоот  тушаалын дагуу “Монгол орны нутаг дэвсгэр дээрх Түргийн үеийн дурсгал болон түрэг бичээсийн талаар гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлуудын тайлантай танилцан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” 13 хүнтэй байгуулагдсан ажлын хэсэгт орсон “СИЭ” ТББ-ын Хүн үсэг бичиг судлалын сургалтыг дүүргэсэн Д.Эрдэнэбаатар, Г.Буянтогтох, Ц.Цолмон, А.Ганзориг нар болон уг сургалтын багш миний бие тус ажлын хэсгийн хурал дээр ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн болон Л.Болдын хадан бичгийн  тайлбарыг  асуудал болгон тавьсан билээ.

Үүрэг бүхий ажлын хэсэгт орсон ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Батдорж нар  ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэнгээс Л.Болдтой хамтарч хэвлэн гаргасан номынхоо агуулгыг хамгаалах битгий хэл үсэг, бичээсийг үсэглэж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Уг хүрээлэнгийн Алтай судлалын салбарын эрхлэгч О.Самбуудорж сайн хичээвэл үсэглэж чадна гэж хэлэв. Яагаад ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд тус хүрээлэнгээс гаргасан номоо нотлон хамгаалж чадах хүн өнөө ганц ч алга байна вэ? Манай ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн судлаагүй сэдэв дээр өөрийнхөө байгууллагын нэрийг тавьдаг газар болж байна уу.

Үүрэг бүхий ажлын хэсэгт орсон МУИС-ийн профессор Ц.Баттулгаас уг номыг та хамгаалж чадах уу гэхэд би оролцоогүй, надад хамаагүй гэж тэр өчив.

Манай Хүн үндэстэн Түрэг төрийн бичиг үсгийн соёлыг харийнх, бусдынх хэмээн тунхагласан энэ мэт хуурмаг буух эзэн, буцах хаягтай ном товхимол, сургалт, ухуулга яриа манай хэл, соёлыг үгүйсгэж, хүн ардын маань оюун ухаан, үндэсний ой санамжийг хайр найргүй хордуулан сүйтгэж байна.

Ё.Баатарбилэг сайд аа! Энд “СИЭ” ТББ болон ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн буюу хоёр байгууллагын судалгааны зөрчлийн тухай биш, энд үндэстэн орших, эс орших асуудал яригдаж байна. Таны хариуцаж буй салбарт оршиж буй түүх, хэл соёлын эндүүрлийг сайд Та Монгол Улсын Үндсэн хуулийн 7-р зүйлийн 1-р заалтын дагуу тасалж, буруутнуудтай зохих хариуцлагыг тооцно уу.

Ё.Баатарбилэг сайд аа! Танаас өмнөх Боловсролын яамны сайд нарт танд байгаа манай Хүн үндэстний эртний түүх, бичиг соёлын мэдээлэл байсангүй. Та үндэсний эх сурвалж судлаач нартайгаа хамтран ажиллаж Бичиг соёл түүхийн жинхэнэ судалгааны нээлтийг Хүн үндэстэн Монгол ард түмэндээ хүргэсэн Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар түүхэнд бичигдэн үлддэггүй юм гэхэд өөрийн салбарт буй бичиг соёл, түүхийн завхралыг даруй арилгана уу.

 

“СИЭ” ТББ тэргүүн  С.Сэргэлэн

Холбоотой мэдээ