“Анхдагч Булган” сурах бичиг аймгийнхаа тухай мэдлэг олгодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-28 18:03:36

          Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Анхдагч Булган” хэмээх орон нутгийн сурах бичиг зохион сургалтад ашиглаж эхэлсэн. Тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд болон багш нарын хамтын бүтээл болсон энэ сурах бичгийн талаар зарим  багш нартай уулзаж ярилцлаа.

Орон нутгийн сурах бичиг зохиож, сургалтад ашиглаж болох тухай санаачилгыг бага ангийн багш С.Дэлгэрмаа гаргажээ.

- Анх орон нутгийн сурах бичгийг зохиох санаа 2013 онд төрсөн. Тэр үед багш солилцоо хөтөлбөрт хамрагдаад Солонгос улсад явсан. Тэнд орон нутгийн сурах бичиг ашиглаж байсан. Тэр сурах бичгээр дамжуулан тухайн муж, хот, тэр нутгийнхаа тухай маш өргөн мэдээллийг олгодог нь ажиглагдсан. Өөрийнхөө амьдарч байгаа орон нутгаа танин мэдсэнээр эх оронч үзэл төлөвшдөг юм байна гэсэн бодол төрсөн юм. Тухайн үеийн аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат “Юу үзэж судлав, юу хэрэгжүүлмээр байна” гэхэд нь Солонгост орон нутгийн сурах бичиг байдаг юм байна. Одоо үед эх оронч үзлийг төлөвшүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Эх орон гэдгийг ямар олон хүний хувь заяагаар өнөөдрийн бидний аз жаргал ирсэн бэ гэдгийг хүүхдүүд мэдэхгүй, мэдрэхгүй болчихоод байна. Тийм учраас анхдагч алдартны өлгий нутгийнхаа тухай багачуудад зориулсан ном бүтээе гэсэн саналыг тавьсан гэж Булган сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн багш С.Дэлгэрмаа ярилаа.

Багш нарын энэ санаачилгыг аймгийн удирдлага дэмжин зөвшөөрсөн аж. Хүүхэд багачуудад яагаад анхдагч алдартны өлгий нутаг гэдэг тухай, Булганхангай нутгийн онцлог, алдартай хүмүүсийн талаар танин мэдүүлэхийг зорьсон 3-5-р ангийн сурах бичгийг зохиосон байна.

Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын бодлого төлөвлөлт, судалгаа арга зүйн албаны дарга Ж.Орхонтуул:

- “Анхдагч Булган” гэдэг 3-5-р ангийн сурах бичиг зохиосон. Сургалтад хэрэглээд явж байгаа. Сурах бичгийг багшийн зохицуулах цаг дээр үздэг. Багш зохицуулах цаг нь 3-5-р ангид долоо хоногт нэг цаг байдаг. Зарим сургууль хоёр долоо хоногт нэг цаг байхаар зохицуулж байна. Гуравдугаар ангийн сурах бичигт Булган аймгийн 16 сум, нэг тосгоны онцлогийг тусгасан танилцуулгыг оруулсан. Тухайн хүүхэд уншаад ойлгоод ярих, дасгал даалгавар ажиллах гэх мэтээр нас сэтгэхүйн онцлогт тохируулан зохиосон. Булган аймгаас төрсөн анхдагч алдартнуудын тухай 4-р ангийн сурах бичигт тусгасан. Харин 5-р ангийн сурах бичигт шинжлэх ухааны нээлт, зохиолчид, нутаг ус, түүхийн дурсгалт газрын тухай мэдлэг олгохоор оруулж өгсөн гэж ярилаа.

“Анхдагч Булган” сурах бичгийг 3-5-р ангид сурч байгаа хүүхдийн тоогоор нийт 3400 ширхэг хэвлүүлэн тараажээ. Сурах бичиг хэвлүүлэх 11,6 сая төгрөгийн зардлыг тухайн үед Боловсрол, соёл урдагийн газрын даргаар ажиллаж байсан, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаатар шийдвэрлэн өгч Булган нутгийн хүүхэд багачуудын оюуны мэлмийг нээхэд тус болсон байна.

Баатарлаг, хөдөлмөрч хүмүүсээрээ алдартай анхдагчийн өлгий нутгийнхаа түүх, соёлыг сурталчлах, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүсээрээ бахархах, тэдний эх оронч үзэл, эр зориг, тэсвэр хатуужил, оюун ухаан, эрдэм чадварыг үлгэрлэн дуурайж, хичээнгүйлэн суралцахад багачуудад дэмжлэг үзүүлэх зорилгыг энэхүү сурах бичгүүд агуулсан аж.

Булган нутгийнхаа түүх, соёлыг судлан, төрөлх нутаг, өвөг дээдсэрээ бахархан, тэднээс үлгэр дууриал авч эх нутаг, эх орныхооо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлийг өвөрлөгч өсвөр үеэ хүмүүжүүлэхэд Булган аймгийн багш нар “Анхдагч Булган” хэмээх сурах бичгийг ашиглаж байна.

Холбоотой мэдээ