Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорнд бараалхав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-27 19:31:16
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан гэргий Ц.Должинсүрэнгийн хамт Тайландын Хаант Улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорнд Бангкок хот дахь Эрхэмсэг Гүнжийн “Сра Патум” ордонд энэ сарын 8-нд бараалхав.


Уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн түүнийг улс орноо төлөөлөн Тайланд Улсад 4 гаруй жил ажиллах хугацаанд хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглэж, үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь Тайландын Хааны ордон болон Эрхэмсэг Гүнжийн төслийн ажлын албанаас дэмжлэг үзүүлж ирсэнд гүн талархлаа илэрхийлэв. Мөн Элчин сайд Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорны санаачилгаар Монголын хөдөөгийн дунд сургуулиудад хэрэгжиж буй “Үдийн хоол” төсөл өргөжиж, өнөөдөр манай 3 аймгийн 5 сургуульд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэжээ.


Түүнчлэн, Цог жавхлант Хаан Пумипон Адульядет агсны ивээл дор хэрэгжиж ирсэн “Хааны бороо” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх зорилгоор хоёр тал хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар ажиллаж байгааг мэдээлээд энэхүү тэргүүний технологийг манай улсад нэвтрүүлэхэд харамгүй туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдсэнд Эрхэмсэг Гүнжийн Төслийн ажлын албанд талархал илэрхийлсэн байна.


Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн Элчин сайд Т.Төгсбилгүүнийг Тайландын Хаант Улсад үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргээд Монгол Улсад түүний ивээл доорх төслүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ.


Мөн үеэр Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн Тайландын Улаан загалмайн нийгэмлэгийн Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгчийн хувиар тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Хатан эх Сирикитийн тушаалаар Элчин сайдын гэргий Ц.Должинсүрэнг Тайландын Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Улаан загалмайн хүндэтгэлийн тэргүүн зэргийн медалиар шагнасныг гардуулжээ.

Холбоотой мэдээ