Мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-28 10:20:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 53 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 11.7 хувиар, хэргийн илрүүлэлт 1.8 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. 

Мөн хугацаанд, малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн долоон бүлгийн нийт 21 этгээдийг баривчлан холбогдох ажиллагааг хийхэд гэмт этгээдүүд 19 удаагийн үйлдлээр иргэдийн 32 тооны адуу, 47 тооны үхэр, 21 тооны бог малыг хулгайлсан байжээ. Гэмт этгээдүүд хулгайлсан малаа айлын эзэнгүй хаваржаа болон хээр малын бэлчээрт шөнийн цагаар нядлан толгой, арьс ширийг нь жалганд булж махыг нь худалдан борлуулдаг байсныг илрүүлжээ.

Мөн урьд болон энэ онд үйлдэгдсэн эзэнгүй, холбогдогч нь тогтоогдоогүй нийт 70 гаруй сая төгрөгийн хохиролтой 15 хэргийг нөхөн илрүүлж мөрдөн шалгах ажилллагааг үргэлжлүүлж байна.

Цагдаагийн албанаас малчдыг малаа байнгын хариулгатай, хараа хяналттай байлгаж, гэмт этгээдүүдийн халдлагад өртөхөөс урьдчилан сэрэмжлүүлэхийг зөвлөлөө.

Холбоотой мэдээ