Нэг дор 10-аас дээш үйлчлүүлэгч цуглуулахгүйгээр үйлчлэхийг зөвшөөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-28 17:39:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын шийдвэрээр боловсролын байгууллагаас бусад спорт заал, танхимд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалтын төвөөс бусад спорт заал, усан спорт сургалтын төв, бялдаржуулах төв, чийрэгжүүлэх танхимд мэргэжлийн байгууллагаас тавих шаардлагуудыг хангасан тохиолдолд үйл ажиллагаа явуулах боломж олголоо.

Спортын заал, танхимд үйлчилгээ үзүүлэхдээ 18 насанд хүрсэн иргэний биеийн халууныг хэмжих, гар ариутгал, амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх, нэг дор 10-аас дээш үйлчлүүлэгч цуглуулахгүйгээр холбогдох байгууллагын гаргасан стандарт, зөвлөмж шаардлагыг хангаж ажиллахыг байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгажээ. Спортын заал танхимд 10-22 цагийн хооронд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн байна.

Холбоотой мэдээ