Эрүүл мэндийн байгууллага ачааллаа даахгүй болох магадлалтайг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-01 14:32:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр өчигдөр 278 хүн эх орондоо ирсэн. Тэдний тавыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д, бусдыг нь Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын харьяа "Жаргалант” сувилал, “Зүчи”, “Корпорэйт” зочид буудал болон “Сэлбэ ресорт” амралтын газарт тусгаарлажээ.


Долоон улсаас Сөүлээр дамжин ирсэн дээрх иргэдийн дунд жирэмсэн эмэгтэй 13, өндөр настан 29, эрүүл мэндийн шалтгаантай 43, бага насны хүүхэдтэй 95 хүн байна. Эдгээр хүмүүс лабораторийн шинжилгээгүй, халдварын өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа учир 21 хоног тусгаарлах аж.


"Өвчлөл дэгдэлт хэлбэрээр гарч байгаа орноос ирж буй зорчигчдыг өндөр эрсдэлтэй бүлэгт тооцож байна. Манай улс дахиад хоёр тусгай нислэгээр иргэдээ авчирна. Нийт гурван сая хүнийхээ дунд өвчлөл алдахгүйн тулд энэ ирж байгаа хүмүүстээ хяналт тавих, бас цаашдаа ийм олон хүн хүлээж аваад байвал эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллага ачааллаа даахгүй болох магадлалтайг олон нийт ойлгох байх гэж найдаж байна" хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотгов.


ЗӨСҮТ-ийн баг өчигдрийн тусгай нислэгээр ирсэн зорчигчдын 309 ширхэг, 6481  кг ачаа, 14 тээврийн хэрэгсэлд эцсийн ариутгал хийжээ.

Холбоотой мэдээ