Мал төллөлт 38,4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-05-06 15:21:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт мал төлөлт 38,4 хувьтай байна.

Тус аймагт оны эхний төллөвөл зохих 1169537 хээлтэгчээс энэ сарын эхний долоо хоногийн байдлаар 449432 хээлтэгч төллөөд байна. Үүнээс ингэ 18806, гүү 2456, үнээ 2550, хонь 148 659, ямаа 276961 төллөж, гарсан төл 100 хувь бойжиж байна. Бойжиж буй төл ботго 18806, унага 2411, тугал 2550, хурга 148 671, ишиг 277 609, нийт 450 047 төлтэй болсон гэх тоон мэдээг Өмнөголвь аймгийн ХХААГ-аас өглөө.  

Төл бойжилт Номгон, Хүрмэн суманд 46,1-45,5 хувь буюу хамгийн их байгаа бол, Ханбогд, Цогт-Овоо суманд 31,1-31,3 хувь буюу хамгийн бага мал төллөөд байна. 

Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6108 малчин өрхөд 3,0 сая гаруй толгой мал хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 20 хувь хэвийн, 30 хувь дунд зэрэг, 50 хувь тааруу байгаа юм. Өнгөрсөн сарын туршид салхи ихтэй, Говь гурван сайхан уулаа дагаж бага зэргийн цас, бороо орсон. Мөн энэ сар гарсаар төвийн бүсийн сумдаар бага зэргийн бороо орсон. Нутгийн баруун, хойд хэсгээр бэлчээр хүрэлцээтэй, Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций сумын нийт нутгаар, Хүрмэн сумын өмнөд хэсгээр бэлчээр хүрэлцээгүй, бусад нутгаар дунд зэрэг байна. Аймгийн нийт нутгаар үндэс хөдөлж, зарим нутгаар буюу төвийн бүсдээ мал ногоолоод байна.

Холбоотой мэдээ