Н.Төгсцогт энэ жил 2-3 тулаан хийх зорилготой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-12 10:42:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “King Tug” Н.Төгсцогт 2020 оны хоёрдугаар сард мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-д дэлхийн аваргын бүсийн төлөө тулаанд АНУ-ын тамирчин, дэлхийн аварга Гэри Рассельд оноогоор ялагдан мэргэжлийн боксын рингэнд анхны ялагдал хүлээсэн юм.


Тэрбээр одоо Лас Вегаст гэрээрээ хувийн бэлтгэлээ базаасаар л байна. Цар тахлын хорио цуцлагдсаны дараа өөрийн дасгалжуулагч, Кубын нэрт мэргэжилтэн Исмаэль Саласын удирдлага дор эрчимтэй бэлтгэлээ эхлэх бөгөөд энэ жилдээ 2-3 тулаан хийх зорилготой байгаа аж.


Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Н.Төгсцогтын бэлтгэлийг удирдаж буй И.Салас бол олимпын дөрөв, дэлхийн 19 аваргыг өөрийн гар дээрээс төрүүлсэн 120 гаруй цол, бүсний төлөө тулаанд рингэнд шавь нараа авч гарсан нэртэй дасгалжуулагч юм.


“Н.Төгсцогт одоо WBC холбооны чансаанд жиндээ гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд түүний жинд чансааг АНУ-ын Жесси Магдалено ( 26 тулаан, 25 ялалт, 18 КО, 1 ялагдал) тэргүүлж буй бөгөөд хоёрдугаарт Их Британий боксчин “Kid Galahad” хочит Абдур Бэри Авад ( 28 тулаан, 27 ялалт, 16 КО, 1ялагдал) бичигдэж байна” хэмээн АНУ-д амьдарч байгаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /“Таван цагариг”/ мэдээлж байна.

Холбоотой мэдээ