Чойжин ламын сүм музейн гудамжийг автомашингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-05-12 15:16:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музейн цогцолборт газрын гудамжийг автомашингүй гудамж болгох талаар хэлэлцэж дэмжлээ. 

НИТХ-аас тухайн газрыг хамгаалах талаар ажлын хэсэг гарч ажилласан юм. Ажлын хэсгээс Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, орчны хорт хөнөөлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах саналуудыг оруулжээ. Үүнд нэг, музейн  баруун болон зүүн талын автозамын хөдөлгөөнийг хязгаарлан зөвхөн явган болон дугуйтай зорчигчийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх үүднээс автомашингүй гудамж болгох.

Хоёрт, явган хүний хөдөлгөөн нэмэгдсэнээр тухайн орчинд сүм музейг дагасан худалдаа үйлчилгээний бичил гудамж үүсгэн аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих юм.  НИТХ-ын Тэргүүлэгчид дээрх саналуудыг дэмжиж, тогтоолын хэрэгжилтийг хангах ажиллах мөн, Чойжин ламын сүм музейн цогцолборын орчинд тохижилт хийхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. 


Холбоотой мэдээ