“Цахим музей” ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Музейн хамт олон “Цахим музей” ажиллуулж, үзмэрүүдээ олон нийтэд сурталчилж байна.
Тодруулбал,
“Увс музей” гэсэн хаяг олон нийтийн сүлжээнд нээж, шинэлэг содон үзмэрүүдээ
зураг, тайлбартай нь хамт оруулан олны хүртээл болгосоор байгаа юм. Цахим музейг
үзэж сонихрогчдын тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа аж.
Өнөөдрийн хувьд “Бөхийн барилдаан” гэх бүтээлийг цахимд
байршуулжээ. Энэхүү бүтээл нь дөрвөлжин модон суурин дээр зодог шуудаг, монгол
гутал өмсөж баруун талаараа золгон нэг нь толгойг уургалан, нөгөө нь зүүн
гараараа тахимдан барилдаж байгаа хоёр бөхийг дүрслэн сийлсэн үзмэр байна. Уг
сийлбэрийг 1964 онд Улаанбаатар хотод болсон соёл урлагийн өдрүүдэд зориулж
Улаангом сумын иргэн П.Пэрэнлэй урлажээ. Энэхүү бүтээлийг музейн ахмад ажилтан
Б.Самбуу 1964 онд шилжүүлгээр авч аймгийн Музейн сан хөмрөгт оруулсан байна.