С.Болдбаатар: Нумыг удаан хатаах тусам хамгийн сайн бат бэх болдог

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-05-14 10:11:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол хүний ур ухаанаар бүтсэн, эвэр элэгтэй, шөрмөсөн артай нумыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд үйлдвэрлэж байна.

Энэхүү ур ухааны нууцыг эзэмшиж, үр хойчдоо уламжлуулан авч яваа хүн бол Монгол Улсын дархан мэргэн Ж.Сүхбаатар гуай юм. Тэрээр Дулаанхаан тосгонд "Хөвчит нум" үйлдвэрийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Эрт дээр цагт эвэр нумаар 335 алд газар харваж байсан түүхтэй бөгөөд тус компанийн хийсэн нум 150-200 метр зайд тусдаг гэнэ. Монголын ард түмний түүх соёлын нэг, уламжлалт ёс заншил, арвин өвийн нэг бол яах аргагүй нум сум юм. “Хөвчит нум” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ж.Сүхбаатар гуай үйлдвэрлэлээ хүү С.Болдбаатартаа өвлүүлсэн бөгөөд тэрээр нум сум урлаач ажээ. Монгол Улсад гарын 10 хуруунд багтах нум сум урлаач байдаг аж. Тэдний хоёр нь улсын мэргэн Ж.Сүхбаатар, спортын мастер З.Баатар нар бөгөөд Дулаанхаан тосгондоо амьдарч, үр хүүхдүүддээ монгол нум сум урлах ухааныг зааж сургаж яваа ухаант буурлууд юм. Уламжлалт монгол нум сумыг мал, амьтны түүхий эд ашиглан гар аргаар хийсээр ирсэн байна.

Тодруулбал үхэр, янгирын эвэр, бод малын шөрмөс, хусны үйс, хулс ордог аж. Ингэж ан амьтны гаралтай түүхий эдээр хийдэг тул нум сум хувиралттай байдаг гэнэ. Учир нь мал, амьтны гаралтай түүхий эдүүдийн физик чанар өөрчлөгддөг аж. Үүнд л монгол нум сумын онцлог оршдог байна. Нумын гурван бие буюу гол бүтцэд эвэр, хулс, бодын шөрмөс ордог аж. Дэлхийн олон орны нум сумтай харьцуулбаас монгол нум шөрмөстэйгөөрөө ялгардаг байна. Тийм ч учраас эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум гэж хэлдэг ажээ. Нум сум харвахаас өмнө нумаа “эвшээлгэдэг” нь учиртай гэнэ. Эвшээлгэнэ гэдэг нь нумынхаа хатуу, зөөлнийг нь тохируулж, чангаахыг хэлж байгаа аж. Энэхүү үйл нь шөрмөсний физик чанар алдагдахаас сэргийлж байгаа гэв. Сүхбаатар гуай сумны хүнд, нумны хатуу зөөлөн, хүний бяр чадал тэнцэж байж харваач болдог хэмээсэн юм.

Тус компанийн үйлдвэрлэдэг нум сумыг хийхэд ихэнх түүхий эдийг дотоодоосоо базаадаг байна. Харин хулсыг Хятадаас авдаг аж. Нэг нуманд 12-13 төрлийн материал ордог маш чимхлүүр ажил ихтэй хэмээн нум сум урлаач С.Болдбаатар ярьж байв. Түүхий эдээ бэлдэж, нум сум хийхэд 4-6 сарын хугацаа зарцуулдаг гэнэ. Энэ нь нааж, зүйх гээд нарийн ажиллагаатай аж. Тухайлбал хулс, эвэр хоёрыг наагаад хатсаны дараа шөрмөсийг нь тавьдаг учраас наалт наанадаж дөрвөөс зургаан сар болж байж хатдаг байна. Ер нь гүйцэд хатахад бүтэн нэг жилийн хугацаа зарцуулагддаг гэнэ. Нумыг удаан хатаах тусам хамгийн сайн бат бэх болдог гэж Болдбаатар ярилаа.

Үйлдвэрлэлийг голдуу сэрүүний улиралд явуулах нь тохиромжтой аж. Учир нь бүх материал амьтны гаралтай тул зун түүхий эдийн олдоц муугаас гадна хэт халуунд нум хатдаггүй гэв. Тухайлбал, шөрмөсийг мах бэлтгэлийн үеэр “Махимпэкс”-ээс худалдаж авдаг байна. Гэвч сүүлийн үед ченжүүд шөрмөсийг их хэмжээгээр авч, Япон руу гаргах болсон нь нум сум урлаачдын хувьд түүхий эдийн хомсдолд ороход нөлөөлж байгаа аж. Японд бодын шөрмөсийг боловсруулж, тансаг зэрэглэлийн хоол хийдэг байна. Янгирын эврийн олдоц ч гэсэн сүүлийн үед мууджээ. Иймд янгиртай газрын харваачдаас эвэр авч, оронд нь нум сум авах маягаар хамтран ажиллаж байгаа гэв.

Нэг нум бэлдэхэд нэг кг орчим шөрмөс, янгирын хос эвэр, тас шувууны өд ордог аж. Сумаа улиас, хус, бургасаар гэхчлэн олон төрлийн модоор хийж болох ч эднийх голдуу улиасаар урладаг байна. Эвэр, шөрмөсийг наахдаа малын арьс, турууны найрлагатай тусгай цавуу ашигладаг аж. Түүнчлэн нум сумны үйлдвэрлэлд хүний оролцоо их. Шөрмөс урах ажлыг л гэхэд нэгээс хоёр хүн хийдэг байна. Эврээ хөрөөдөх, халаах, тэгшлэх ажлыг мөн л хоёр хүн гүйцэтгэдэг аж. Энэ мэтээр дамжлага ихтэй, нарийн чимхлүүр ажилтай үйлээр нум сум бэлэн болдог байна. Үйлдвэрлэх явц нарийн гэж хэлсний учир нь эвэр хэт элэгдэж, гэмтсэн, эсхүл буруу хөрөөдсөн бол дахиж хийхээс аргагүйд хүрдэг бөгөөд бодын шөрмөсийг урахад нэлээд эв дүй шаарддаг байна. Эвгүй татвал тасардаг тул эвийг нь олж урт уртаар нь таслах хэрэгтэй гэнэ. Ажлын оргил үеэр зургаан хүн ажиллах бөгөөд бусад үед түүхий эдээ боловсруулах зарим ажлыг гэрээр хийдэг гэлээ. Орчин үед техник, технологи өндөр хөгжиж байгаа ч нум сум урлан бүтээх ажлын хамгийн багаар бодоход 70 хувь нь заавал гар аргаар бүтдгээрээ онцлог юм. Одоогийн байдлаар эднийх бүтээгдэхүүнээ 90 хувь гар аргаар хийж байна. Үнийн хувьд дөрвөн сумтай нумыг 400 мянгаар, хоромсог саадагтай гоёлын нум сумыг 600 мянган төгрөгөөр хийж байна. “Хөвчит нум” компани жилдээ 60-70 нумын захиалгыг аймаг, орон нутаг, жуулчны байгууллага, тэр ч байтугай хувь хүний захиалгаар хийдэг байна.

Монгол Улсын мэргэн Ж.Сүхбаатар гуай ярихдаа:”Эрийн гурван наадмын нэг болсон Монгол үндэсний сур харваа нь Хүннүгийн үеэс үүсэлтэй. Ан ав хийж, хоол тэжээлээ бэлдэх, агнасан ангийн арьсаар дээл хувцсаа хийж өмсөх байдлаар үүссэн түүхтэй. Хүннүгийн үед Монголын урчууд нумаа эвэр элэгтэй, шөрмөсөн артай хийдэг болсон. Түүнчлэн сумаа өдтэй болгосноор нумын хүч чадал нэмэгдэж, сум нь өмнөхөөсөө хол явдаг болсон. Нум сум хөгжлийн гурван үеийг дамжсан байдаг. Эхний буюу хүй нэгдлийн үед ан хийдэг байж, дараа нь эх орноо батлан хамгааалах, эр цэргийн зэвсэг болсон. Харин хожим энх цагийн бүтээн байгуулалтын үед спортын хэрэгсэл болж иржээ. Ингээд 1960 оноос өргөнөөр хөгжиж, эмэгтэйчүүд энэ үеэс л сур харваанд оролцдог болж ирсэн байдаг. Манайд халх, урианхай, буриад гэсэн гурван төрлийн харваа байдаг. Халх харвааг 75 метрээс, буриад, урианхай харвааг 40 метрээс харвадаг. Эдгээрийн нум нь адил, сумнууд нь харин өөр өөр байдаг” хэмээн хуучиллаа.

Үндэсний өв соёл болсон уламжлалт нум сумаа авч үлдэхийг зорьж яваа буурал харваач маань 2002 онд хүү Болдбаатарын хамт хоёр жил хагасын хугацаанд үйлвэрлэсэн уртаараа хоёр метр 50 см нум, нэг метр 50 см урт сум урлаж, үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, Төрийн ордонд хүндэтгэлтэйгээр залсан байдаг. Тэрээр энэхүү үйлээ Чингисийн үед нум сумаа шүтэж, төрийн цагаан сүлдний дэргэд тахидаг байсан ёс заншлаас санаачлан хийсэн байна. Ердийн нумын урт нь хоёр метр 30 см, харин сум нь нэг метр байдаг ажээ.

Ж.Сүхбаатар гуай “Эвэр нум” нөхөрлөлөө 2002 оноос “Хөвчит нум” ХХК болгон өргөтгөж, хүү Болдбаатартаа өвлүүлэн өгчээ. Одоо тэрбээр компанидаа зөвлөх хийж, 1964 оноос хойш Сэлэнгэ аймгийн Үндэсний сурын товчооны даргаар улиран сонгогдон ажилласаар байна. Эднийх өнгөрсөн хугацаанд хүүхдийн болоод том хүний, бэлэг дурсгалын 1000 орчим нум үйлдвэрлэжээ.  Мөн нумаас гадна сум, товх, хайгуул, хөвч зэрэг дагалдах хэрэгслийг хийж байгаа гэнэ. 


Холбоотой мэдээ