Интернет болон гар утсанд донтох асуудлыг Истанбулд хэлэлцжээ

Дэлхийд | Боловсрол
sarnai@montsame.mn
2016-05-05 18:36:00

ИСТАНБУЛ. /Anadolu/. Интернэт болон ухаалаг утаснаас хэт хамаарах үзэгдлийн шалтгааныг технологиос хамааралтай донтолтыг судалдаг дэлхийн 1000 гаруй мэргэжилтнүүд Турк улсын Истанбул хотноо цугларан хэлэлцэж байна.

Турк дэх донтолттой тэмцэх байгууллага болох Туркийн Ногоон хавирган сар нийгэмлэг /Yesilay/-ээс зохион байгуулсан Технологиос хамаарсан донтолтын асуудлаарх 3 дахь удаагийн олон улсын бага хуралд Туркийн тэргүүн хатагтай Эминэ Эрдоган оролцож үг хэлжээ.

Хатагтай Эрдоган хэлэхдээ “2015 оны байдлаар манай улсын 10 өрх айл тутмын 7 нь интернэтэд холбогдсон бол айл өрхүүдийн 97 хувь нь гар утас хэрэглэж байна. Туркт хүүхдүүд 10 наснаасаа эхлэн гар утас хэрэглэдэг. Үүний сацуу 10 хүүхэд тутмын 9 нь өдөр бүр зурагт үздэг” гэж дурдлаа.

Мөн хурлын үеэр Туркийн  Боловсролын сайд Наби Авси нийгмийн боловсролын онлайн хөтөлбөр  болох  боловсрол, мэдээлэл зүйн сүлжээний  /ЕВА/ талаар мэдээлэл өгсөн байна. 

“ ЕВА бол бүх оюутан сурагчдын хувьд аюулгүй хөтөлбөр юм” гэж Авси хэлээд "энэ хөтөлбөр нь богино хэмжээний кино, баримтат кино болон 100 гаруй боловсролын онлайн тоглоомуудаас бүрдэнэ" гэжээ.

Мөн тус хөтөлбөрт 12 сая гаруй хэрэглэгч бүртгэгджээ.

2 өдрийн турш үргэлжлэх дээрх хурлын үеэр интернэт хэрэглээ, видео тоглоом болон гар утсанд донтох, кибер сүрдүүлэг болон кибер аюулгүй байдал зэрэг сэдвүүдийг хөндөн хэлэлцэх юм.

Х.Сарнай

 

 

 


 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ