Нарийн мэргэжлийн мэс заслыг орон нутагт хийж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-05-14 11:05:26

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нотолгоонд суурилсан оношилгоо эмчилгээний үр дүнтэй арга технологийг нэвтрүүлэн, гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг мэс заслыг орон нутагт хийж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.

          “Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлж, Хутаг-өндөр, Сайхан, Баян-Агт, Орхон, Булган суманд осол гэмтлийн чиглэлээр хамтарсан үзлэг, оношилгоог зохион байгуулж, 506 хүнийг хамруулсны дээр аймгийн нэгдсэн эмнэлэг, гэмтлийн эмч нар хамтран үе суулгах гурав, ясны 17 хагалгааг орон нутагт хийсэн байна. Мөн чих, хамар хоолойн дурангийн мэс заслыг нэвтрүүлж, чихний хэнгэрэг хальс нөхөх, хамрын дайвар хөндийг дурангаар цэвэрлэх, септопластик  зэрэг хагалгааг нийт 40 гаруй удаа амжилттай хийж, хамрын цус алдалтыг түлэх аргаар тогтоож байгаа нь 100 хувь үр дүнтэй тусламж үйлчилгээ болжээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дурангийн кабинетийн үйл ажиллагааг өргөжүүлэн дурангийн ариутгалын багаж, бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, гэмтлийн мэс заслын өрөөг бүрэн засварлаж, нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч нар гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг мэс заслыг хийх боломж бүрдэж, иргэдийн зардал, чирэгдэл бууруулж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ