Номын сангийн ажлаараа улсдаа 2 удаа тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-05-16 12:09:28
Хэнтий /МОНЦАМЭ/ Р.Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн Нийтийн номын сангийн хамт олон сүүлийн 2 жил дараалан ажлаараа Монголын номын сангийн салбарт тэргүүлжээ. 

Тэд Хэнтий аймгийн ИТХ-аас дэвшүүлсэн, Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгоё”, “Ном уншицгаая” хөдөлгөөнийг хэрэгжүүлж ажилласнаар ийнхүү үр дүнд хүрсэн аж. Тус Номын сангийн 2019 оны статистик үзүүлэлт өмнөх жилийнхээс хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулбал,

Байнгын уншигч буюу шинээр уншигчийн карт нээлгэн үйлчлүүлсэн уншигч 1790, тухайн жилд номын сангаар ирж үйлчлүүлсэн иргэд 23087, тэдгээрт олгосон номын тоо 47533 болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад байнгын уншигч 9.1 хувиар, ирэгсэд 11.4 хувиар, олгосон номын тоо 3.1 хувиар өсчээ.

2012-2016, 2016-2020 оны тоон үзүүлэлтийг харьцуулахад байнгын уншигч 6045 буюу 16.6 хувиар, ирцээр үйлчлүүлэгчдийн тоо 89886 буюу 49.9 хувиар, тэдгээрт олгосон номын тоо 181504 буюу 26.5 хувиар тус тус өссөн байна.

Байгалийн шинжлэх ухаан, түүх, соёл, боловсрол, уран зохиолын зэрэг 19 нэр төрлийн 50808 номтой болж, тайлант хугацаанд 16 нэр төрлийн 544 ширхэг номоор сан хөмрөгөө баяжуулжээ.

Ховорт тооцогдох “Саран хөхөөний намтар”, Хуульч Сандагийн хэлсэн үг домог, “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зэрэг муутуу цаасан дээр буулгасан ном судар 9, 1930-аад онд хэвлэгдэн гарч байсан “Арван таван наст ахмад”, “Ноос бол Монголын баялаг мөн”, “Монгол ардын хувьсгалт цэргийн 20 жил” гэх мэт 33 ширхэг ном товхимол, хуучин монгол бичгээр хэвлэсэн 206 ширхэг номыг сан хөмрөгтөө хадгалан олны хүртээл болгожээ. Түүнчлэн 11 төрлийн хэвлэл сонин, сэтгүүлийг улирал тутам захиалж уншигчдадаа хүргэж байна.

 

Холбоотой мэдээ