Аймгийн төвд тохижилт үйлчилгээний ажлууд хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-аас аймгийн төв доторх нийтийн эзэмшлийн зам, гудамж талбай тохижилтыг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийсээр байна. Тухайлбал, БОАЖЯ-наас хэрэгжүүлсэн "Увс аймагт агаар орчны бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх" ажлын хүрээнд 50 ш хогийн сав, 50 ш сандлыг нийтийн эзэмшлийн зам, талбай дагуу байршуулж байна.
Мөн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хашаа, хайсыг будаж
тохижуулах ажлыг ид хийж, албан байгууллага, аж
ахуйн нэгжүүд гаднах хашаа, хайсаа будаж эхлээд байна. Тэрчлэн, төрийн болон төрийн
бус байгууллагуудтай хамтран нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж байна.
Энэ сард хаврын бүх нийтийн цэвэрлэгээ хийсэнтэй холбоотойгоор
айл өрхүүдийн хог хоёр дахин их гарч байгаа аж. Иймээс “Улаангом тохижилт
үйлчилгээ” ОНҮГ-аас нэмэлтээр ковш 1, самосвал хоёрыг түрээслэн ажиллуулж, нийтдээ
2 ковш, 4 самосвал, 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр өглөөний 8-аас оройн 21 цаг
хүртэл гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлыг ачиж зайлуулж байгаа аж. Өнөөдрийн
байдлаар 6 багаас 142 машин хог гарч хогийн нэгдсэн цэгт хүргэжээ.