“Бугын тал” элс, хайрганы холимгийн орд ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-15 16:37:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутагт аймгийн төвөөс 11 км зайд “Бугын тал” элс, хайрганы холимгийн орд ашиглалтад орлоо.

Нийтдээ 40 га талбайтай тус ордыг 2019 онд “Тау кен металлс” компани өөрийнхөө зардлаар хайгуул хийж илрүүлсэн байна.

Аймгийн төвийн эргэн тойронд хайрга авах зориулалтын газар байхгүйн улмаас хөрш зэргэлдээ Бугат сумын айл өрхүүд хашаанаасаа хайрга олборлон зарсан зөрчил олноор бүртгэгдсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр зөвхөн 2019 онд тухайн сумын 29 айл хашаанаасаа түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон зөрчил илэрчээ. Мөн он гараад 18 зөрчил шинээр бүртгэгдсэн байна.   

Иймд зориулалтын карьер ашиглалтад орсноор иргэд хулгайн замаар хайрга олборлох шаардлага байхгүй болсныг мэргэжлийн хүмүүс хэллээ.

Холбоотой мэдээ