АНУ “супер хурдан пуужин” бүтээж байгааг Трамп мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-05-16 10:27:52

ВАШИНГТОН. /TASS/. АНУ одоо байгаа дуунаас хэт хурдан пуужингуудаас 17 дахин хурдан пуужин бүтээж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн Сансрын хүчний шинэ туг далбааг танилцуулах ёслолын үеэр мэдэгджээ.


“Бид урьд өмнө байгаагүй өндөр түвшний цэргийн техник бүтээж байна. Өрсөлдөгчдөө тооцож үзвэл бидэнд ямар ч сонголт байхгүй, бид үүнийг хийхээс аргагүй” гэж тэрбээр хэлсэн байна.


“Би энэ зэвсгийг “супер дупер пуужин” гэж нэрлэнэ. Одоо байгаа хамгийн хурдан пуужинтай харьцуулах юм бол 17 дахин хурдан гэж би саяхан сонссон” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ. Тэрбээр цааш хэлэхдээ, “Хэрэв та бүхэн ОХУ тав дахин хурдан пуужинтай болсон харин Хятад 5-6 дахин хурдан пуужин бүтээж байна гэж сонссон бол манайх 17 дахин өндөр хурдтай юм. Энэ төслийг эхлүүлэх ногоон гэрэл дөнгөж сая асаад байна” гэжээ. Энэ бол дэлхийн хамгийн хурдан пуужин юм гэж Трамп нэмж хэлжээ. Гэхдээ тэрбээр чухам ямар пуужин болохыг тодорхой дурдаагүй байна.


Трампын “супер дупер пуужин”-гийн тухай мэдэгдэл Америкийн нийгмийн сүлжээнүүдэд интернэт меме болжээ. Зарим хэрэглэгчид Цагаан ордны эзний толгойд ийм үг орж ирснийг гайхаж байсан бол зарим нь Америкийн удирдагчийн мартагдашгүй илэрхийлэл сонгох чадварыг биширчээ.


Холбоотой мэдээ