Бэлчээрийн менежментийн урт хугацааны төлөвлөгөөтэй болжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-05-18 12:37:43

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Түдэвтэй сум бэлчээрийн менежментийн таван жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа талаарх мэдээллийг сумын ЗДТГ-аас өглөө.

Тус сум дээрх төлөвлөгөөг 2018-2022 он хүртэл таван жилийн хугацаатай “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран боловсруулжээ. Бэлчээрийн менежментээ жил жилээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Тухайлбал өнгөрсөн онд газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, 308 га газарт малын тэжээл тариалж амжилттай хураан авсан байна. Мөн байгалийн хадлангийн талбайг бүрэн ашиглаж 954 тонн хадлан бэлтгэн авчээ. Түүнчлэн бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр 2019 онд шинээр нэг худаг гаргасан. 2020 онд дахин нэг худгийг шинээр гаргахаар ажиллаж байна. Бэлчээрийн хамгаалалтыг сайжруулж талхлагдсан зарим газрыг зун, намрын улиралд малын хөлөөс чөлөөлж байгаа.

Бэлчээрийг сүйтгэж байгаа үлийн цагаан оготно устгах ажлыг малчид, төрийн албан хаагчидтай хамтран жилд хоёр удаа зохион байгуулж байна.

Ингэснээр бэлчээрийн талхагдал багасаж ургамал ногооны гарц сайн байгаа. Бэлчээрийг зөв зохистой ашиглах, өнжөөх ажлыг малчдаасаа санал авч хамтран хэрэгжүүлж буй нь үр дүнгээ өгч буй.

Сумандаа малын тэжээл тариалж байгаа нь ч төсөв мөнгө хэмнэсэн ажил болж байна.

Зун, намартаа өөрсдийн тариалсан талбайгаас малын тэжээл, өвсөө хураан авч, байгалийн хадлангаа сайн нөөцөлсний дүнд өвөл, хаврыг өнөтэй давах сайн талтай. Мөн малын хашаа саравч барих ажилд малчид, төрийн албан хаагчид хамтран оролцдог болсон гээд бэлчээрийн менежментийн урт хугацааны төлөвлөгөө үр дүнгээ өгч байгаа хэмээн нэмж дуулгалаа.



 Энэ жил 300 га талбайд тариалалт хийнэ

Түдэвтэй сум "Мөнх хөдрөг" ХХК, "Эко грийн планет" ХХК-уудтай хөрөнгө оруулалтын гэрээ хийж 675 га газрыг эзэмшүүлснээр газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж байна.

Тухайлбал 2019 онд 250 га талбайд тариалалт  хийж, 500 га талбайд нь уринш хийсэн байна.

Харин энэ жил 300 га-д тариалалт хийхээр төлөвлөжээ. Сумын аж ахуйн нэгж, иргэд, албан байгууллагууд 58 га талбайд тариалалт хийж ургацаа амжилттай авсан. Мал аж ахуй эрхэлж байгаа бол газар тариаланг давхар эрхлэхгүй бол цаг агаарын өөрчлөлтийн үед хүндрэлтэй болж байгаа. Сумаас газар тариалан эрхэлж буй иргэдээ дэмжин урамшуулдаг. Тухайлбал газар тариалан эрхлэгч иргэдэд техник тоног төхөөрөмж, үрийн дэмжлэгийг жил бүр үзүүлж байна. Ингэснээр сумандаа тариалсан хямд, чанартай төмс хүнсний ногоог иргэд маань хэрэглэдэг боллоо. Малчид сумандаа тариалсан малын өвс тэжээлийг хэрэглэдэг гээд үр дүн гарч байна. Өнөөдрийн байдлаар манай суманд 20 гаруй иргэн газар тариалангийн үйлдвэрлэл тогтмол эрхэлж сумынхаа иргэдийг өөрийн хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоор хангаж байна. Зарим иргэн хөрш зэргэлдээ сумдад хүнсний ногоогоо борлуулах ажлыг амжилттай хийж байна гэв.


ОНХС-гийн зарцуулалтад иргэд идэвхтэй санал өгдөг

Түдэвтэй сум энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн 53.8 сая төгрөгийг иргэдийнхээ саналаар зарцуулна.

Тухайлбал сумын төвийн гудамжны гэрэлтүүлэг, нэгдсэн камержуулалтыг хийх гэж байна. Сумын төвийг камержуулснаар гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг буурах, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн талтай юм. Мөн Эрүүл мэндийн төвдөө шээсний шинжилгээний аппарат, багийн төвүүдийн тохижилт зэрэг ажлуудыг иргэдийнхээ саналд тулгуурлан хийхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн онд сумын орон нутгийн хөгжлийн санд батлагдсан 58.3 сая төгрөгөөр өөрөө ачигч трактор, сумын төвийн хогийн цэгийг шууж багасгах, малчны зургаан настай хүүхдийн гэр өргөөний тохижилт, цэцэрлэгийн хүүхдийн тоглоомд зарцуулсан байна.

Түүнчлэн малын мөшгөх тогтолцооны тоног төхөөрөмж, авч эрсдэлийн санд зарим хөрөнгийг төвлөрүүлсэн. Харин энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилга, Засаг даргын Тамгын газрын барилгууд барина.

Ер нь манай сумын иргэд сум хөгжүүлэх сан болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нэн тэргүүнд ямар зүйлд зарцуулах талаарх санал хүсэлтээ их идэвхтэй өгдөг юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудад санал авахад жил бүр 200-300 гаруй санал ирдэг юм хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.

 

Спортын цогц талбайтай болжээ

Түдэвтэй сум сумын төвийнхөө өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийнхээ чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор спорт тоглоомын талбайтай болжээ.

Тухайлбал өнгөрсөн жил цэцэрлэгт хүрээлэнг хоёр га газарт байгуулжээ. Энэхүү талбайдаа өнгөрсөн жил 50 гаруй мод бут тарьж ургуулсан байна. Мөн улсын төсвийн 100 гаруй сая төгрөгөөр сагсан бөмбөг, элсний гар бөмбөг, бүжгийн талбай бүхий спорт цогцолборыг байгуулж ашиглалтад оруулжээ. Энэхүү спортын цогц талбайд хүүхдийн тоглоомын талбай, ахмадын чөлөөт цаг өнгөрөөх талбайг хамтатган байгуулжээ.

Тус сум явган хүний зам, гэрэлтүүлэг, 200 гаруй гацуур модыг цэцэрлэгт хүрээлэн болон сумынхаа төвийн орчимд суулгаж тохижуулжээ. Харин энэ жил айл өрх бүр хашаандаа мод тарьж, нийтийн эзэмшлийн зам талбайд мод тарих аяныг өрнүүлж тарьсан модоо заавал арчилж тордож ургуулахыг уриалаад байгаа.

Өнөөдрийн байдлаар сумын төвийн 30 гаруй айл хашаандаа мод тарьж ургуулах ажлыг амжилттай хийсэн. Дулааны улиралд орчныхоо тохижилтод анхаарч, эзэнгүй хог хаягдлаа сар бүр цэвэрлэж, энэ жилээс хогоо ангилан ялгах дадалд иргэдийг уриалж байна. Сумын төвийн 45 га талбайтай хогийн цэгийг булж гурван га талбай газар хогийн цэгийг шинэчлэн гаргаж байнгын сахиултай болгосон.

Сумандаа хогийг түрж ландшафтын аргаар дарж булдаг трактортой болсон нь ажлыг их хөнгөвчилдөг юм байна хэмээн сумын ЗДТГ-аас нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ